Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-14 09:56:25

Манила хотноо чуулж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 67 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бүсийн захирал Др. Шин Ян-су-тэй албан уулзалт хийлээ.

Уулзалтаар сайд А. Цогцэцэг шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны эрүүл мэндийн салбарын зорилго, зорилт, төлөвлөгөөг Бүсийн захиралд танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарыг төрийн бодлогын төвд байлгах замаар санхүүжилтийг аль болох хасахгүй байх чиглэлийг баримтлан ажиллаж байгаа тухай мэдээлэв. 

Тэрбээр халдварт өвчин, ялангуяа сүрьеэ, ХДХВ/ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, тэмбүүгийн тохиолдол өсөн нэмэгдэж байгаад болон улаанбурханы дэгдэлтэд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлээд энэ чиглэлээр нягт хамтран ажиллах арга замыг тодорхойлох хүсэлтэй байгаагаа бүсийн Захиралд дуулгалаа. Мөн түүнчлэн улаанбурханы дэгдэлттэй холбоотой нэмэлт дархлаажуулалтын аяныг зохион байгуулах арга хэмжээ авч байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. 

Др. Шин Ян-су улаанбурханы халдварыг зогсоосон батламжийг Монгол Улс Бүсийн хорооноос авсны дараагаар 2015 онд олныг хамарсан дэгдэлт гарсанд харамсаж байгаагаа илэрхийлж, халдварыг зогсоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг сайшааж, цаашид дахин батламжаа сэргээн авах түвшинд хүрэхийн төлөө эрчимтэй ажиллах шаардлагатай талаар зөвлөв.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон ДЭМБ-ын хамтран ажиллах дунд хугацааны стратегийн баримт бичгийг эцэслэх талаар Бүсийн хороо болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран ажиллаж байгаа тул ирэх 2017 оны эхний хагаст уг стратегийг Засгийн Газарт хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа  бөгөөд энэ үеэр Монголд айлчилахаа илэрхийллээ. Түүнчлэн шинэ засгийн газрын үйл ажиллагааг ДЭМБ-ын мандатын хүрээнд үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв. 

相关新闻