Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. ЮНЕСКО, “Рио Тинто” ХХК хамтран хэрэгжүүлэх “ЮНЕСКО-гийн Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн нээлт энэ сарын 16-нд боллоо.
Энэхүү хамтарсан төсөл нь
соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, тогтвортой аялал жуулчлалын
үйл ажиллагааг сурталчлах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх
зорилготойгоос гадна энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага
туршлага, нөөц бололцоогоо ашиглаж Монгол Улсад анхны геопарк байгуулах, улмаар
геологийн шинжлэх ухааныг дэмжих юм.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар оролцож үг хэлэв. ЮНЕСКО, Рио Тинто Монгол ХХК нь Монгол Улсын тогтвортой хөгжилд чиглэсэн санаачилгуудыг дэмжих урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичигт өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-нд гарын үсэг зурсан юм.