Толгойтын автозамыг шинэчилж, нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын дарга Ц.Сандуй Сонгинорхайрхан дүүргийн Толгойтын 3,6 км автозамын засварын ажлын явцтай танилцаж, тус авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 17-ны дотор дуусгаж, зорчих хэсгийг нээх үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө.
Автозамын зорчих хэсэг нээгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Үүнд:
1. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж-Их наран-МУИС” чиглэлийг явуулах
2. Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах
3. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэлээ.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин чиглэлээрээ иргэдэд үйлчлэх юм байна.
Н.Туяа