Нэгдүгээр эмнэлэг алсын зайн оношилгоо бүхий цахим амбулаторитой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-17 16:18:43

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нар шаардлагатай тохиолдолд өндөр зардал гарган гадны эмнэлгийг зорилгүй зөвлөгөө, мэдээлэл, тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.

Тодруулбал, БНХАУ-ын Бээжин хот дахь Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэй “Олон улсын зайн оношилгоо бүхий цахим амбулатори”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр тус эмнэлэгт болов.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Хоёр сарын өмнө БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Ерөнхий захирал Чи Ченг Монгол Улсын эрүүл мэндийн салбартай танилцаж, бид цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж байсан. Өнөөдөр энэхүү уулзалтын эхний үр дүн гарч, Хэн Хэ эмнэлгийн хөрөнгө оруулалтаар зайнаас оношлох төвийг байгуулж, ийнхүү нээлтээ хийж байна. Мөн "Засгийн газрын 100 хоног"-ийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хийсэн чухал ажлын нэг болсонд баяртай байна” хэмээгээд эрүүл мэндийн салбартаа манлайлагч болсон тус эмнэлгийн хамт олонд ажлын амжилт хүслээ.

Энэхүү амболаторийг нээснээр цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч, эмч нарын үйл ажиллагаанд дэм болох төдийгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг богино хугацаанд дамжуулан, асуулт хариултын хэлбэрээр мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх, авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх боломж бүрдэх юм.

УНТЭ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Бямбадорж, “Иргэд орон нутгийн болон дүүргийн ЭМТ-өөс манай профессор эмч нартай холбогдох цаг авч, онлайнаар зөвлөгөө авна. Бид цаг авсан иргэдийнхээ шинжилгээний хариу, шаардлагатай мэдээллийг товлосон цагаас өмнө бэлтгэж, зөвлөгөө өгөх эмчид хүргэсэн байх юм. Үүнд ямар ч нэмэлт төлбөр байхгүй. Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлнэ. Иргэд өндөр зардал гарган гадны орныг зорилгүй, эндээс гадаадын чадварлаг эмч мэргэжилтнүүдтэй холбогдож, зөвлөгөө мэдээлэл авна” гэв.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2017 оноос эхлэн сум, аймаг гээд нийслэлээс алслагдсан бүс нутагт өвдсөн, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг нисдэг тэргээр зөөвөрлөдөг эсвэл тухайн эмнэлгийн багийг нисдэг тэргээр тээвэрлэдэг болно гэдгийг онцоллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Билэгт, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БНХАУ-ын Бээжин хотын Хэн Хэ эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ли Жиан, БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Яан Чиндун, УНТЭ-ийн тасаг, нэгжийн дарга, эрхлэгч нар болон албаны бусад хүмүүс оролцов.

Ж.Болор

相关新闻