BEST Хөтөлбөрийн хаалт: Монголын ЖДҮ-ийн хөгжлийг тэтгэсэн таван жил

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-25 15:48:06

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл” төрийн бус байгууллагын хэрэгжүүлсэн “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.


2019 онд 15 сая ам.долларын санхүүжилттэйгээр анх хэрэгжиж эхэлсэн энэхүү таван жилийн хугацаатай хөтөлбөр нь Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ)-ийг чадавхжуулах, бизнесийн орчныг сайжруулах, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр шаардлагатай сургалт, зөвлөх үйлчилгээ болон бусад дэмжлэгийг үзүүлэн ажилласан юм.


USAID-н BEST хөтөлбөр нь Монголын бизнесийн орчныг эерэгээр өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Тус хөтөлбөр нь 5000 гаруй бизнест үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай нийт 300 тэрбум төгрөг (90 сая ам.доллар)-ийн санхүүжилт авахад дэмжлэг үзүүлснээс гадна олон мянган бизнес эрхлэгчийг санхүүгийн удирдлага, маркетинг, бизнесийн зээлийн бичиг баримт боловсруулах зэрэг чухал ур чадварт сургажээ. Эдгээрийн үр дүнд зөвхөн бизнесүүдийн өсөлтийг дэмжээд зогсохгүй, 4000 гаруй шинэ ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулсан байна.


Мөн BEST хөтөлбөр нь бичил тэтгэлгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 176 орон нутгийн гарааны болон жижиг бизнесүүдэд нийт 1.7 тэрбум төгрөг (500000 ам.доллар)-ийн санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгожээ. Энэхүү дэмжлэг нь орон нутгийн жижиг бизнесүүдэд санхүүгийн саад бэрхшээлүүдийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэхийн зэрэгцээ алслагдсан бүс нутгуудад ажлын байрыг олноор бий болгоход нөлөөлсөн байна. Үүнээс гадна BEST хөтөлбөр нь бизнесүүдийн хоорондын хамтын ажиллагааг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулах, батлахад орон нутгийн засаг захиргаатай хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудыг бий болгож, хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа ч ЖДҮ эрхлэгчдэд үр ашгаа өгөх боломжийг бүрдүүлээд байна.


250 орчим нэр хүндтэй зочид төлөөлөгч оролцсон хаалтын үйл ажиллагаанд USAID-н Филиппин, Монголыг хариуцсан Бүсийн захирал Райан Вошбёрн хөтөлбөрийн урт хугацааны үр нөлөөг онцолж үг хэллээ. Тус үйл ажиллагаанд төрийн байгууллагууд, бизнесийн холбоод, банк, санхүүгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд болон Улаанбаатар хот, 12 аймгийн ЖДҮ-ийн төлөөллүүд оролцсон байна. Мөн энэ үеэр хөтөлбөрийн ололт амжилтуудыг танилцуулж, харилцагч бизнес эрхлэгчид өөрсдийн амжилтын түүхүүдийг хуваалцан, BEST хөтөлбөрийн үр дүнг цаашид хэрхэн хадгалж авч явах талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

BEST хөтөлбөр болон түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dsmongolia.org/ сайтаас авна уу.

 




相关新闻