БУЛГАН: Хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахад шаардлагатай зарим асуудлыг эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын дарга Д.Сүнжидээр ахлуулсан ажлын баг “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Булган аймагт ажиллаж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэг, сургалт хийлээ.
Энэ хүрээнд ХЭҮК-оос Булган аймгийн төрийн байгууллагын албан хаагчдын хүний
эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхэд
суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой "Хүний
эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа" сэдэвт сургалт зохион
байгууллаа.
Мөн "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж, энэ хүрээнд "Иргэдээ сонсъё" уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаатай үйл ажиллагаатай танилцлаа
ХЭҮК-ын дарга
Д.Сүнжид, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Булган
аймаг дахь референт Д.Мөнхсайхан нар Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн
үйл ажиллагаатай 10 дугаар сарын 28-ны өдөр танилцлаа.
Тус лаборатори
нь 1959 онд ашиглалтад орсон. Аймаг, орон нутгийн хэмжээнд хүн, мал, амьтны
халдварт өвчний тандан судалгаа, оношилгоо хийдэг. Барилгын байр хуучирч,
стандартын шаардлага хангахгүй болсон учир 2015 онд барилгын зураг төслийг
боловсруулж, батлуулсан боловч өнөөдрийг хүртэл санхүүжилт шийдэгдээгүй. Мөн
тус лабораторийн агуулахад хадгалж байсан химийн бодисын нөлөө ажилчдын эрүүл
мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тус лабораторийн эрхлэгч Б.Энхболд танилцууллаа.
ХЭҮК-ын
Д.Сүнжид уулзалтын эхэнд “Агаар, хөрс болон усны бохирдол, уул уурхайн
нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд
амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны
дүгнэлтээр Булган аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж
байна гэж гарсан.
Учир нь аймгийн
төвийн нийт цэгийн хяналт шинжилгээгээр хром, стронцийн дундаж агууламж
стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн.
Мал эмнэлгийн лабораторид 1970 оноос 2014 он хүртэл хадгалагдаж байсан химийн бодисоос үүдэн тус лабораторийн ойр орчмын хөрс бохирдсон. Тиймээс ХЭҮК 2019 онд тус лабораторид үүссэн нөхцөл байдалд хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтын дүнд ажилчид болон аймгийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссэн гэж үзсэн тул Комиссын гишүүний шаардлагыг 2019 онд хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Булган аймаг дахь Түр хамгаалах байрны нөхцөл байдалтай танилцлаа
Ажлын баг өнөөдөр Түр хамгаалах байр, Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн үйл
ажиллагаатай танилцлаа.
Түр хамгаалах
байрны хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2024 онд ашиглалтад оруулсан
бөгөөд сэтгэл зүйч, багш, харуул, тогооч гэсэн нийт 7 алба хаагчтайгаар үйл
ажиллагаа явуулж байна. Хүүхэд хамгааллын хүрээнд сум бүрд эрсдэлийн үнэлгээ
хийж, эрсдэлт нөхцөлд байгаа иргэн, бага насны хүүхдэд цаг алдалгүй тусламж,
үйлчилгээ үзүүлж байгааг тус хамгаалах байрны даргын үүргийг түр орлон
гүйцэтгэгч С.Оюунзаяа ХЭҮК-ын дарга Д.Сүнжидэд танилцууллаа.
Тэрээр “Аймгийн
хэмжээнд 415 хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна. “Эрсдэлгүй орчин-Хүүхэд
хамгаалал” аяныг 2023 онд зохион байгуулж, бүх суманд хүрч ажилласан. Жилд 2
удаа эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэн бүрд кэйс
нээж, бүртгэлжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээг хүргэдэг. Гэвч
ахуйн хүрээний архидан согтууралтаас үүдэн хүүхэд үл хайхрах болон гэр бүлийн
хүрээний хүчирхийлэлд өртөх, бэлгийн хүчирхийллийн хохирогч болох харамсалтай
тохиолдол гарсаар байна” гэв.
Улмаар ХЭҮК-оос хүүхэд хамгааллын бодлогыг сайжруулахад шаардлагатай зарим асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.