Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошууны түүх соёлын онцлогийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс өнөөдөр "Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу: Түүх,Соёл" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн
хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ц.Цэрэндорж “Манай хүрээлэнгийн
санаачилгаар “Хошуу нутаг судлал” цуврал хурлыг гурав дахь жилдээ зохион
байгуулж байна. Энэ удаагийн "Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн
хошуу: Түүх,Соёл" эрдэм шинжилгээний хурал нь 20 дахь удаагийнх юм. Булган аймаг буюу хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн
дайчин хошуу нь Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн М.Ханддоржийн захирч байсан хошуу юм. Хошууны нутаг дэвсгэрт өнөөгийн Орхон
аймаг бүхлээрээ, Булган аймгийн төв, хойд талын сумд багтдаг. Дайчин вангийн
хошуунаас М.Ханддорж вангаас гадна Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар зэрэг төр
нийгмийн зүтгэлтэн, олон салбарын алдартнууд төрөн гарсан. Түүнчлэн эл нутагт түүх соёлын өв
олноор хадгалагддаг, байгалийн үзэсгэлэн бүрдсэн тогтоцтой халхын
хамгийн том, хамгийн олон хүн амтай хошуу юм. Хошуу нь хамгийн
сайхан айрагтай, монгол орны айргийн соёлыг агуулж байдгаараа онцлогтой” хэмээв.
Доктор Н.Батболд “Эрдэм шинжилгээний хуралд хошууны сүм хийдүүдтэй холбоотой баримтыг илтгэл болгон тавилаа. Булган аймгийн нутагт сууж байсан Шашны хэрэг эрхлэх газрын төлөөлөгчийн 1937 оны бүртгэлийг хэлэлцүүлсэн гэсэн үг. Эрдэнэ дайчин вангийн хошуу нь Дайчин вангийн хүрээ, Сайхны хүрээ зэрэг хүрээ хийдтэй байсан. 1938 он гэхэд ихэнх хүрээ хийдийг татан буулгаж, үлдсэнийг Булган аймгийн орон нутгийн засаг захиргаанд хуваарилан албан хэрэгцээнд ашиглах болсон. Түүний зэрэгцээ хүрээ хийдийн алтан эдлэл, шүтээн бурхад, үнэ бүхий зүйлсийг хураан авсан баримт үлдсэн байдаг. Мөн шавилан сууж байсан дээд ангийн лам нар, хар болсон хүмүүс, хүүхэд багачуудын бүртгэл зэргийг судалгааны эргэлтэд оруулсныгаа өнөөдөр хэлэлцүүллээ. Тухайлбал, Дайчин вангийн хошууны хамгийн том цогчин дуганыг хэрхэн буулгасан талаарх мэдээллийг н.Магван гуайн аман сурвалжаар тодруулж гаргалаа. Гурван давхар цогчин дуганыг тухайн үеийн морин станц буюу өвс хадах станцад хуваариласан ч яаран буулгаж чадалгүй, нэг буланд нь техник хэрэгслээ хадгалж урд гэр барьсан байдалтай байсан байгаа юм. Дотоод хамгаалах яамнаас уг дуганыг “Буулга” гэсэн шийдвэр ирснээр "10 мянган төгрөгөөр буулгана" гэсэн зар тавьж, 5000 төгрөгөөр буулгуулсан байдаг. Орчин үед тэдгээр хүрээ хийдийн заримыг нь сэргээж, тогтмол ном уншлагатай болгосон байна” гэлээ.
Булган аймгийн Хангал сумын Засаг
дарга М.Төмөрбат “Булган аймгийн Хангал сум нь Эрдэнэ дайчин вангийн хошууны
гол сумын нэг. Манай сум нь 100 жилийн түүхтэй. Эх түүхээ мөнхлөх үүднээс Хангал сумын түүхийн
ном, сонсдог ном болон 90 минутын
баримтат киног тус тус бүтээлээ. Манай сум эрдэмтэн мэргэд, эмч багш, гавьяатуудаараа
алдартай. Хамгийн жижиг ном бүтээсэн, толь зүйч Шагж, Далай
даян, дархан аварга Б.Түвдэндорж зэрэг алдартнуудыг нэрлэж болох
байна. Тухайлбал, Б.Түвдэндорж аваргын хөшөөг сумынхаа цэцэрлэгт хүрээлэнд бүтээсэн. Манай Хангал сум мал аж ахуй, газар тариалан, тэр дундаа халтар арвайгаараа танигдсан. Тиймээс халтар арвайг уламжлалт
аргаараа тариалж, нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон, зах зээлд борлуулж байна. Бид
100 жилийн түүхэндээ Орон нутаг судлах танхимыг байгуулж, иргэд маань өвөг
дээдсийнхээ эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг хандивлах болсон” гэв.
Тус эрдэм шинжилгээний хурлыг зохион
байгуулахад Орхон аймгийн ИТХ, Булган аймгийн Бугат сумын ЗДТГ, Булган аймгийн
Хангал сумын ЗДТГ, ИТХ, "Талын язгууртан" сан, Их-Азар ХХК хамтран оролцсон юм. Энэхүү
эрдэм шинжилгээний хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлийг ирэх сард багтаан эмхэтгэл болгон хэвлүүлэх аж.