БАЯНХОНГОР: Тал газраа 30 см хүртэл цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-19 12:08:51

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Жаргалант, Баянбулаг, Гурванбулаг сумын тал хээрт 15-30 см, ууландаа 20-40 сум, гуу жалгандаа 20-70 см цастай байна.


Мөн Галуут, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр сумын тал хээрт 5-15 см, ууландаа 10-35 сум, гуу жалгандаа 20-40 см цасан бүрхүүлтэй цагийн байдал хүндэрч болзошгүй байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Аймгийн нийт нутгаар цас орж үзэгдэх орчин хязгаарлагдан, үдэш орой малдаа яваад төөрсөн, сураггүй болсон, малтайгаа салхи шуурганд уруудсан, автомашин цасанд суусан гэх дуудлага цөөнгүй бүртгэгдэж байна. Сүүлийн нэг өдөрт Баянговьд 2, Баянцагаанд 1, Бууцагаанд 2 дуудлага бүртгэгдэж тухайн сум орон нутгийн анги салбар, бүлэг, ЗДТГ, иргэд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан малчид, иргэдийг эсэн мэнд олж аюулгүй байдлыг хангажээ.


Мөн Бөмбөгөр, Бууцагаан сум чиглэлийн хатуу хучилттай А0302 автозамын хэсэгт мөстөлт, халтиргаа гулгаа үүссэний улмаас 23:00 цаг болон 02:00 цагийн орчимд зам тээврийн хоёр ослын дуудлага бүртгэгдээд байна.


Нөхцөл байдалтай холбоотойгоор цаг агаарын мэдээг тогтмол авах, тэнгэрийн байдлыг ажиглах, малаа ойрын бэлчээрт гаргах, бага насны хүүхдээ малд явуулахгүй байх, автомашины бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

УЦУОША-ны мэдээллээр, энэ сарын 23-нд хангай, хээр талын нутгийн ихэнх, говь, Алтайн салбар уулсын нутгийн зарим газраар, 24-нд уулархаг нутгийн зарим газраар цас орно. 23-нд Говь, Алтайн салбар уулсын нутгийн ихэнх, хангай хээр талын нутгийн зарим газраар, 24, 25-нд Хангай, хээр тал, говийн зарим газраар 12-14м/с, зарим үед 20 -24м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, нийт нутгаар хүйтрэхийг анхааруулав.

相关新闻