ДОРНОГОВЬ: Соёлын өв тээгч малчин бүсгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ![](/files/673d245f2e3e5.jpeg)
Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын малчин Санзайсүрэнгийн Сэлэнгэ хүүхэд балчир наснаасаа эхлэн эмнэг сургаж, хурдан морь унаж мал маллаж өсжээ.
Эдүгээ тэрбээр морио унаж мал сүргээ өсгөн үржүүлж, өв соёлоо тээж, эргэх дөрвөн цагийн эргэлтэд ажиллаж, хөдөлмөрлөхийн сайхныг бусдад түгээж явна. Тэрээр "Би хөдөө төрж, хөдөө өссөн. Нутгийнхаа цэнгэг агаар, нар салхинд хэдэн малынхаа захад байх нь миний хамгийн дуртай ажил, үүнээс өөр жаргал хаана байхав" хэмээн ярьсан юм.
Мал маллахын хажуугаар үйл урлах, шаглах, зүү ороох, малынхаа ноос хөөврөөр гэрийн чагтага, дээс
томох, эсгий ширмэл оёх, торомны ноосоор эсгий гутал, бүрээс туурганы зээг хийх, хөөрөгний даалин урлах гээд түүний ажил
дуусахгүй. Энэ ажлыг хийснээрээ тэрээр өв соёлыг тээгч болж байна.
Түүний ажил үүрийн гэгээнээс үдшийн бүрий заримдаа шөнө дунд хүртэл үргэлжилнэ. Өөдлөх айл үүднээс л мэдрэгддэг. Зориод очиход малын хашаа, хороо бууц цэвэр цэмцгэр, бүртийх ч хоггүй, гэрт гадаах бүхэн эмх цэгцтэй байх нь түүнийг ямархуу ажилсаг хүн бэ гэдгийг илтгэнэ.
Үхрээ сааж, цагаан идээгээ хийх, хонио ноослох,
ямаагаа самнах гээд түүний
ажил ундарсаар. Зорьж очиж уулзахаас нааш олдохгүй тийм л ажилсаг хүн гэж
нутгийнхан нь ярих.
Тэр
төв бараадаж, суурин амьдралд бие амар аж төрж болох байв ч өдөр тутам алсран одож буй
нүүдлийн соёл, зан заншил, уламжлал, мал аж ахуйгаа өсгөн
үржүүлэх арга ухаан өвгөдөөс үлдсэн сайн сайхан бүхнийг гээхийг хүсэхгүй байгаа юм. Нүүдлийн малч ухаан, өв соёл, уламжлалаа
дээдэлсэн ийм нэгэн малчин бүсгүй говийн уудам талд малаа маллан нутагтаа эзэн
болж амьдарч байна.