БАЯНХОНГОР: Тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-27 12:47:54

Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсны 100 жилийн түүхт ойн өдөр Баянхонгор аймагт гурван үйл ажиллагааг хамтатган зохион байгууллаа. 


Мөн өдөр аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн тусгай албан хаагчид, тусгаар тогтнолын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, “Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Баянхонгор аймгийн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчид тангараг өргөв. 


Тусгаар тогтнолын өдрөөр төрийн албан хаагчид Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглан, тангаргийн бичигт гарын үсэг зурсан юм.


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол"-ыг 22 дахь удаагаа  Тусгаар тогтнолын өдөр зохион байгууллаа.


Андгай өргөх ёслолд аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, УБХ-ийн дарга Ц.Мөнхжаргал, МЗХ-ны Баянхонгор аймаг дахь салбарын тэргүүн Г.Ганчулуун нарын удирдлагууд оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүддээ баяр хүргэв. 


Энэхүү үйл ажиллагаа нь өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор 16 нас хүрч Монгол Улсын иргэний үнэмлэх авч буй сурагчдыг алдаршуулан, “Иргэний андгай” өргүүлэн, иргэний үнэмлэхийг батламжийн хамт гардуулдаг уламжлалтай.


Иргэний андгай өргөх ёслолд Баянхонгор аймгийн 16 настнуудын төлөөлөл болох 60 хүүхэд оролцож “Иргэний андгай” өргөн иргэний үнэмлэх, батламжаа гардан авав.



相关新闻