Х.Нямбаатар: Яндангүй бүс байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын удирдлагын багаас утааг бууруулах дараагийн төлөвлөгөөг гаргаснаа өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв. Түүний хэлснээр яндангүй бүсийг зарлах аж. Энэхүү бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LPG газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг цагаан сараас өмнө байгуулах юм байна. Харин барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлж, 2025 оны аравдугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ. Нэмээд газын үйлдвэр байгуулах, ингээд 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байгаагаа хэллээ.
Тэрбээр цааш ярихдаа, “Нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлж байгаа 60 мянган айл байна. Мөн 84400 айлын зуухыг шинэчлэх нэн шаардлагатай. Сүүлийн үед гарсан угааржилтын шалтгаан эдгээр шаардлага хангаагүй зуухаас болсон. Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд хамтарч ажиллах хэрэгтэй байна. Энэ жил зуух шинэчлэх ажлыг зогсоохгүй. Төсөв батлагдсан” гэв.
Нийслэлд 804 мянган автомашин бүртгэлтэй байгаа аж.
Мөн “Приус” маркийн автомашинуудын дийлэнх нь нүүрсэн яндангаа сольсон учраас агаарт хортой бодис ялгаруулж байна. Жолооч нарт эхний удаа сануулж, дараагийн удаа журамлаж эхэлжээ. Эдгээр машины агаарт үзүүлж байгаа хамгийн хүнд элемент нь азотын давхар исэл юм. Тиймээс нүүрсэн яндантай болтол нь хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.