Тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын “Нацпроектстрой” групп компанийн ерөнхий захирал Крапивин Алексей Андреевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тодруулбал, "Алсын хараа-2050", “Монгол Улсын
тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлогын
баримт бичигт тусгасан ажлын хүрээнд зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн төсөл хөтөлбөрүүдэд хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар ярилцжээ.
Сайд
Б.Дэлгэрсайхан хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаа зам, тээврийн
салбарт чухал байр суурийг эзэлдэг.
Хамтын ажиллагаа одоо ч идэвхтэй байгаад талархал илэрхийлсэн юм.
ОХУ-ын "Нацпроектстрой " групп нь тус улсын аж үйлдвэрийн салбарт туршлага
хуримтлуулсан компаниудын нэгдэл бөгөөд авто зам, төмөр зам, боомт, эрчим хүч,
дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр мэргэшсэн аж ахуйн нэгж,
байгууллагуудыг нэгтгэжээ. ОХУ-ын
Ерөнхийлөгч В.В.Путин энэ онд Монгол
Улсад хийсэн төрийн дээд хэмжээний айлчлал хийх үеэр Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын “Эдийн засгийн төв
коридор” байгуулах хүрээнд ЗТЯ-тай дэд бүтцийг хөгжүүлэх
чиглэлээр хамтран ажиллах
санамж бичиг байгуулсан билээ. Санамж
бичигт тусгасан ажлыг хэрэгжүүлэхээр
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан албан ёсны урилга илгээсний дагуу
ОХУ-ын “Нацпроектстрой” групп компанийн ерөнхий захирал Крапивин Алексей
Андреевич тэргүүтэй төлөөлөгчид ийнхүү
ирээд байгаа юм.
Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд дэд бүтцийн салбарт
хэрэгжих гол төслүүд дээр хамтран ажиллах боломжтой. Тухайлбал, баруун, зүүн, төв, хойд тээврийн коридорын дагуу хэрэгжих
төмөр зам, авто замын төслүүд, төмөр
замын сүлжээний нэгдмэл байх зарчимд тулгуурлан одоогийн болон шинээр байгуулж
буй төмөр замуудын удирдлага, цахимжуулах ажлыг “УБТЗ” ХНН-д түшиглэн хийх
төсөл, Монголын төмөр замын
1520мм царигтай сүлжээг бүрдүүлэхэд
хамтран ажиллах төсөл, Алтанбулаг
Замын-Үүдийн хурдны авто
замын төсөл зэрэг болно.
Дээрх
төслүүд нь зөвхөн BOT хэлбэрийн буюу “Барих-Ашиглах-шилжүүлэх” байдлаар
хэрэгжих тухай хэлэлцсэнийг ЗТЯ
мэдээлжээ.