Өрлөг жанжны хүндэтгэлийн танхимыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-26 09:30:06

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн музейн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдад цэргийн дээд цолны үнэ, цэнийг мэдрүүлэх зорилгоор БНМАУ-ын гурван маршлын нэрэмжит Өрлөг жанжны их танхимыг Хил хамгаалах ерөнхий газарт байгууллаа.


Одоогоос 88 жилийн өмнө буюу 1936 онд “Маршал” хэмээх цэргийн дээд алдар бий болж, Цэргийн яамны явдлын сайд бөгөөд бүх цэргийн жанжин Г.Дэмид, ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, мал тариалангийн яамны сайд Х.Чойбалсан нарт анх удаа БНМАУ-ын өрлөг жанжин Маршал хэмээх цэргийн дээд алдар олгож байжээ. Үүний дараа Халх голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор Ардын их хурлын тэргүүлэгчдийн 1979 оны наймдугаар сарын 14-ний өдрийн зарлигаар МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, Улсын батлан хамгаалах зөвлөлийн дарга, Армийн генерал Ю.Цэдэнбалд цэргийн дээд цол болох БНМАУ-ын маршал цолыг олгосон түүхтэй.


Өрлөг жанжны их танхимд Улсын хилийн музейн архиваас гурван маршлын эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл болон эд зүйлсийг байршуулжээ. Мөн чөлөөт уран бүтээлч Т.Алтанбагана, Ц.Насантогтох нар энэхүү танхимыг байгуулахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нээлтийн үеэр ХХЕГ-ын даргын тушаалаар “Хилийн төлөө” тэмдгээр шагнуулав. Тэд гурван маршлын хөрөг зурагт зориулан Африкийн улаан модоор тусгайлан жааз урласан байна.


Орчин цагийн музей үүсэж хөгжсөний түүхэн 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус танхим цаашид улам өргөжиж зарим үзмэрүүдийг виртуал хэлбэрт оруулах болон Хилийн цэргийн музейн өргөтгөл удахгүй ашиглалтад орж илүү сонирхолтой олон үзмэртэй болж байгааг албаныхан мэдээллээ. 














相关新闻