“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1-нээс эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-28 12:34:23

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.


Энэ жилийн үзэсгэлэн худалдаа ирэх сарын 1-27-ныг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагт “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд болно. Энэ талаар нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн бөгөөд нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Тэгвэл энэ жилийн үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчийн 50 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэж аж. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид ямар нэгэн түрээс төлөхгүйг зохион байгуулагчид онцоллоо. Энэ үеэр нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд 11 байгууллагын 220 гаруй уран бүтээлч өдөр бүр уран бүтээлээ толилуулах юм байна.


Сар шинийн баярыг угтаж монголчууд 1.3 их наяд төгрөгийг худалдан авалтад зарцуулдаг гэсэн статистик бий. Тэгвэл үүний 70 гаруй хувийг нь импортын гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг байна. Тус худалдааны эргэлтийг дотооддоо үлдээх, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг орон даяар сурталчлан таниулах, кластер хөгжлийг дэмжих замаар дотоодын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэхэд үзэсгэлэн худалдааны гол зорилго оршиж байгааг зохион байгуулагчид дурдлаа.  



相关新闻