ХОВД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 2.9 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-28 20:49:51

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүн амын 2.9 хувь буюу 2717 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Үүнээс 359 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэх судалгаа гарчээ. 


Эдгээр хүүхдийн 74.9 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. 


Өнгөрсөн онд мэргэжлийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, хүртээмжтэй орчин бүрдүүлж, засвар тохижилтын ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн байна. 


Тэгвэл цаашид хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх оношлох, сэргээн засах үйлчилгээг шинэ шатанд гаргах, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, дохионы хэлний хэлмэрч зэрэг дутагдалтай байгаа мэргэжилтнийг бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийг дэмжих бүлэг ажиллуулах, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг тогтмол зохион байгуулах зэрэг хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  


Мөн Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, цахимаар, зайнаас, цагаар болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлэх 

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, үйлчилгээний газар, шинээр барьж байгаа барилга байгууламж, явган хүний зам, гэрлэн дохиог хөгжлийн бэрхшээлтэй хүн чөлөөтэй зорчих олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх гэх мэт олон зорилт тусгасан талаар ЗДТГ-аас мэдээллээ.  

相关新闻