ДАРХАН-УУЛ: Өвлийн мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит зургаадугаар хуралдаанаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн тусгай хамгаалалтад авсан нийт 36.1 га газрын 0.482 га талбайд “Өвлийн мөсөн ордон” соёл, амралтын цогцолбор байгуулахаар өнгөрсөн намар шав тавьсан. Тэгвэл мөсөн ордны газрыг иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар эцэслэж газрыг баталгаажууллаа.
Тус ордон нь олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой 450 хүний суудалтай, 7500 м.кв талбай бүхий цогцолбор юм.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих тус ажлын захиалагч нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр хилийн цэргийн 0119-р ангийн бие бүрэлдэхүүн ажиллах юм. Харин Батлан хамгаалах яамны харьяа Барилга захиалагчийн газар хяналт хэрэгжүүлэгчээр ажиллана.
Барилгын ерөнхий төлөвлөлтөөр тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, саун, мөсний машины өрөө, шүүгчийн өрөө, тэшүүр хадгалах, ажилтнуудын өрөө зэргээс бүрдэнэ. Мөн лед дэлгэц, хөгжмийн өрөө, бялдаржуулах танхим, сургалт, хурлын танхим, агуулах, зоогийн газар, хяналтын камер, дэлгүүр, техникийн өрөөнүүд гэсэн зохион байгуулалттай, гадна талбайд 216 автомашины зогсоолтой байхаар зураг төсөвт тусгажээ.
Ташрамд, өвлийн мөсөн ордонтой болох санаачилгыг анх Дархан-Уул
аймгийн Хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хоккейн спортын мастер
Х.Батбаяр гаргаж, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны тэргүүн Б.Жавхланд
хүсэлтээ илэрхийлж
байжээ.