Зөв бичгийн дүрмийн талаар маргахаа болино

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-11-01 14:54:35

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/-өөс  кирилл бичгийн зөв бичих дүрэм, түүнд суурилсан журамласан толийн талаар нийтлэг нэг ойлголт, үзэл бодолтой болгоход чиглэсэн “кирилл үсгийн дүрэм”-ийг баталгаажуулах талаар мэдээллээ.

Мэдээллийн эхэнд ХБҮЗ-ийн дарга, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, “Хэл бичгийн эрдэмтэд зөв бичгийн дүрмийн талаар маргасаар өнөөдрийг хүрсэн. ХБҮЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 08-нд баталсан Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 оны “Монгол үсгийн дүрмийн толь” -ийг нийтээр дагаж мөрдөх тогтоол гарсан. Энэхүү тогтоолын дагуу ХБҮЗ-өөс 3 сарын хугацаанд зөв бичгийн “Журамласан толь бичиг”-ийг бүтээж нийтийн хүртээл болгох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ “Журамласан толь бичиг”-ийг бэлтгэн хэвлүүлэх хугацаанд ард түмэн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толийг дагаж мөрдөнө” гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Л.Болд, “ХБҮЗ бол Монгол хэлний тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулагдаад ажиллаж байна. Нийт 9 гишүүнтэй. Монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх бодлого боловсруулан Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үндсэн үүрэгтэй. 2016 оны 9 дүгээр сарын 08-ны хуралдааны тэмдэглэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан. Ерөнхийлөгч нэг бүрчлэн танилцаж, хуралдаанаас гарсан тогтоолыг дэмжиж байгаа. Аливаа хэл бичгийн дүрэм тухайн хэлэндээ Үндсэн хууль нь байдаг. Хэлний Үндсэн хуулийг ямар нэг шалтаг шалтгаанаар өөрчлөөд оролдоод байх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн хэл бичгийн дүрэм тогтвортой үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Хэлний дүрэм тухайн соёлт нийгмийн харилцааг авч явдаг учраас хэл бичгийн дүрмийг тогтвортой мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурийг Монгол Улсын Ерөнхийлөгч баримталж байгаа. ХБҮЗ-ийн ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин ажиллаж байгаа гэдгийг уламжилъя” гэв.

Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны “Кирилл бичгийн бичлэгийн стандарт тогтоох тухай” тогтоолд нийт 622 үгийн бичлэгийг журамласан байдаг байна. Үүнээс 391 үгийн бичлэгийг өөрчилж журамлажээ. Үүнээс дуудлага өөрчилж журамласан 200 орчим, монголоос орчуулж хэрэглэх 31 гадаад үг бий. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-д байхгүй 22 үг, зөрүүтэй бичих 48 үг, нийт 70 үгийг шинэ “Журамласан толь бичиг”-т оруулах юм. Цаашдаа энэ толь бичгийг урт удаан хугацаанд тогтвортой мөрдөх аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻