Ц.Алтан-Эрдэнэ: Насанд хүрээгүй хүүхдүүд замын осол гаргасан 23 тохиолдол бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-20 15:46:20

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд зам тээврийн осол 50 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүссэн хэрэг зөрчил үүний багагүй хувийг эзэлж байгаа юм. Иймд анхаарах шаардлагатай зарим асуудлаар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Алтан-Эрдэнэтэй ярилцлаа.


-Аймгийн хэмжээнд зам тээврийн осол их гарч байна. Үүний шалтгаан нөхцөл юунд байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд зам тээврийн осол өнгөрсөн оныхтой харьцуулахад 52.2 хувиар нэмэгдсэн. Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч өөрөө юм. Хурдаа хэтрүүлдэг, осол гарах нөхцөлд машинаа зогсоож чаддаггүй.


Жолоочийн самбаачлах хугацаа, харах өнцөг, тээврийн хэрэгслийн хурд, бүрэн зогсолтын цаг гээд нөлөөлөх хүчин зүйл их бий. 60 км/ц хурдтай яваа тээврийн хэрэгсэл осол гарах үед 120 метр яваад зогсох бол 100 км/ц хурдтай явсан тохиолдолд нэг дахин их яваад зогсох ч гэдэг юмуу, асар их ялгаатай.


Жолооч хүн машиндаа суугаад хамгийн түрүүнд өөрийн болон зорчигчдынхоо бүсийг бүслүүлэх ёстой. Жолооч ихэнхдээ өөрийн бүсийг бүслээд бусдадаа шаардлага тавьдаггүй. Хот хоорондын 45 хүний суудалтай автобусны жолооч анх хөдлөхдөө бүсээ зүүгээрэй гэж сануулдаг, явцын дунд зорчигчид бууж суугаад бүсээ тайлчихдаг ч дахин сануулдаггүй.


Хуулиар жолоочид арга хэмжээ авах заалт нь байдаг ч зорчигчдод байдаггүй. Хэрэв бүсээ зүүгээгүй явсан зорчигчид арга хэмжээ тооцдог байвал хүн бүр бүсээ зүүх болов уу. Энэ миний хувийн бодол л доо.


-Бүс зүүснээр амиа хэдэн хувь хамгаалдаг вэ?

-Дэлхий нийтэд судалж тогтоосноор бүс зүүх нь өөрийн амь, эрүүл мэндийг 35-75 хувиар хамгаалдаг гэж үздэг. Бидний зорчиж байгаа авто замын өргөн хэд билээ, замын зохион байгуулалт нь ямар билээ. Жилээс жилд жолооч болох хүний тоо нэмэгдэж, тээврийн хэрэгсэл олширч байна. Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн бүр үүнийг бодож, тооцож, осол зөрчил гаргахгүй байхын төлөө хичээх хэрэгтэй.


-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд хуулийн хариуцлагыг хэрхэн тооцож байгаа вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 2024 онд буурсан байсан ч энэ он гарсаар өсөлттэй байна. Зөрчлийн тухай хуулиар жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Энэ зөрчлийг дахин үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээх хуулийн заалттай. Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол тээврийн хэрэгслээ жолоодохгүй байхыг жолооч хүн бүр мөрдөх хэрэгтэй байна.


-Иргэд заримдаа айраг л уусан байхад яллалаа гэдэг. Драйгер багажаар илэрсэн спиртийн агууламжийн хувь хэмжээ их, багаас хамаарч хуулийн заалт өөр байх уу?

-Согтууруулах ундаанд айраг, архи гэж заагаагүй. Айраг, монгол архи, шар айраг бүгдэд алкоголь агуулагддаг. Амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувиас дээш илэрвэл согтууруулах ундаа хэрэглэсэнд тооцоод шүүхээр орж арга хэмжээ тооцуулна. Бага зэрэг айраг уучихаад эрхээ хасуулж байгаа жолоочийг би хараагүй. Айргийнхаа завсраар ямар нэг байдлаар архи хэрэглэчихээд би дан айраг уусан гэж хэлдэг.



-Насанд хүрээгүй, сургуулийн ахлах ангийн хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах тохиолдол их байна. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн онд 10 тохиолдол бүртгэгдэж байсан. Гэтэл 2025 оны эхний таван сарын байдлаар 23 тохиолдол бүртгэгдээд байна. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдүүдэдээ шаардлага тавьдаггүй, харин ч машинаа унуулаад явуулчихдаг. Тэгээд хариуцлага тооцох болохоор  “Дэлгүүр л оруулсан, усанд л явуулсан” гээд өөрсдийгөө өмөөрөөд байдаг. Энэ бол маш буруу. Хуулийн заалтаар жолооч автомашинаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөхгүйгээр байршуулж тавих ёстой байтал насанд хүрээгүй хүүхдэдээ түлхүүрээ өгөөд гаргадаг. Ингээд хүүхдүүд хоорондоо мөргөлдсөн, онхолдсон, нэгнийхээ амь, эрүүл мэндийг хохироосон асуудал нэлээдгүй гарлаа.


Эцэг, эх нь “Миний хүү машин унах болоогүй. Чи насанд хүрээгүй байна” гээд тайлбарлаад өгвөл хүүхэд заавал унах гээд түлхүүр булаацалдаад байхгүй. Эцэг, эхийнхээ машиныг унаад сургуульдаа очсон хүүхэд бусдадаа гайхуулж, сэдэл өгснөөр нөгөөх нь аав, ээжээсээ машиныг нь нэхэж, энэ асуудал улам даамжирч байна.


Сургуулийн багш, захирлууд ч ангийнх нь хүүхэд мотоцикл юм уу, машин унаад ирж байхад харсаар байж юм хэлдэггүй. Уг нь өдөр бүр сүүлийн хичээлийн багийн таван минутад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөнд оролцох чиглэлээр сургалт орно гээд хуульчлаад өгчихсөн байдаг.

Зөвхөн, төв суурин гэлтгүй хөдөө очоод айлаар явах, хонь мал эргүүлэхдээ машин, мотоцикл унаж байна. Энэ мэт буруу зуршлуудаас болоод зам тээврийн осол буурахгүй байна.



-Зарим нэг цэгт удаа дараа осол гарч байгааг иргэд өөр шалтгаантай холбож ярьдаг. Албаны үүнд ямар дүгнэлт хийдэг вэ?

-Яг нэг газар байнга осол аваар гарна гэж байхгүй. Харин ойр орчмын газар буюу тухайн бүсэд давтагдах нь бий. Энэ бол замын зохион байгуулалттай холбоотой асуудал. Анх зам тавихдаа огцом эргэлттэй ч гэдэг юм уу, тойруу, налууг буруу хийснээс шалтгаалж болно. Манай албаны зүгээс ийм газруудад хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, анхааруулах тэмдэг тавих зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Авто замын байгууллагуудтай хамтраад олон ажлыг хийсэн.


Энэ онд багтаагаад дөрвөн газарт камер байрлуулж, тухайн замд хурд хэтрүүлж байгаа эсэхийг хянах төлөвлөгөөтэй байна. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээг илүү тод харагдахаар байрлуулах, шөнийн цагаар гэрэлтдэг маяк тавихаар судалж байна.


-Замын зорчих хэсэгт мал, амьтан дайруулах тохиолдол ч гарсаар байна.

-Манай аймагт зам дээр мал дайруулсан осол он гарсаар 7 бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үед 2 осол бүртгэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор манай албанаас сумдын Засаг дарга, малчдад 11 удаагийн шаардлага, мэдэгдлийг хүргүүлээд байна.

Монгол Улсын Авто замын тухай хуулийн 16 дүгээр зүйлийн 16.2-т “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас газрын өргөн 100 метр буюу замын тэнхлэгээс хоёр тийш 50 метр, орон нутгийн чанартай авто замын зурвас газрын өргөн 60 метр буюу замын тэнхлэгээс хоёр тийш 30 метр байхаар заасан байдаг.

Энэ өргөний хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах, авто замыг өргөтгөх зориулалттай. Үүнийг үндэслээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 2-ийн “з” заалтад “Хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх”-аар тусгасан. Тэгэхээр малчид маань энэ заасан хэсэгт малаа оруулахгүй байх үүрэгтэй юм.



-Замын цагдаагийн хүний нөөц хэр хангалттай вэ?

-Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолоор 150 км тутамд хяналтын посттой байх, замын цагдаагийн нэг албан хаагч 350 тээврийн хэрэгслийг хариуцахаар заасан байдаг. Гэтэл нэг цагдаад бараг 3500 тээврийн хэрэгсэл оногдож байна. Хүн хүчний хувьд арав дахин бага байгаа. Тийм учраас камержуулалтыг сайжруулж, техник технологийн дэвшлийг ашиглах нь чухал байгаа. Бид ажлын шугамаар, амралт, аялал зугаалга гээд аль ч үед бусад аймаг, хот, гадаадын орнуудаар явахдаа замын зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээг байнга харж, судалж санаа авахыг хичээж явдаг.


-Цахим орчинд “Цахим замын цагдаа” гээд бүлгэм ажиллуулж байгаа юм байна. Үүнд иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-“Цахим замын цагдаа” бүлгэмийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт тус бүр нээн ажиллуулж байгаа. Манай цахим хуудаст өнгөрсөн 2 дугаар сараас өнөөдрийг хүртэл 274 зөрчлийг иргэд оруулсан байна. Явган хүний зам дээр машинаа тавьсан, буруу гэрлэн дохиогоор нэвтэрсэн гэх мэт Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлүүдийг иргэд утсаараа зураг аван баримтжуулаад энд нийтэлснээр бид шалгаж, холбогдох арга хэмжээг тооцож ажилладаг.

Энэ нь хэн нэгний мууг үзэх, торгох цагдах гэсэндээ биш, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, мөн соёлтой, хариуцлагатай жолоочдыг бэлтгэн төлөвшүүлэх зорилготой юм.

-Ярилцсанд баярлалаа. 

相关新闻