Даян дэлхийн газрын санаачилга байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-06-10 09:08:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны төлөөлөл Даян дэлхийн газрын санаачилга (Global Land Initiative, GLI)-ын Гүйцэтгэх захирал доктор Мурали Туммаракудиг хүлээн авч уулзан, цөлжилт, доройтол, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.


Монгол орны газрын доройтлыг багасгах, тогтвортой менежментэд суурилсан хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал бэлтгэл ажлаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.


Цаашид газрын доройтлыг багасгах, нөхөн сэргээх чадавхыг бэхжүүлэх, нөхөн сэргээлтийн мэргэжилтэн бэлтгэх төв байгуулах, их, дээд сургуулиудад сургалтын хөтөлбөр нэвтрүүлэх, Хан Хэнтий, Говь-Алтай зэрэг бүс нутагт нөхөн сэргээлтийн загвар төсөл хэрэгжүүлэх, G20-ийн шинжээчид оролцсон судалгаа хийнэ. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулахад туршлага солилцох, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээрх стартапуудыг олон улсын хөрөнгө оруулалт, сүлжээнд холбох, “Загвар НҮБ” хуралдаан, гэрэл зургийн уралдаан зохион байгуулах, шилдэг оролцогчдыг COP17-д оролцуулах, Монгол Улсад ирэх онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) -ын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Land Restoration Pavilion” үзэсгэлэн хамтран зохион байгуулах юм.


Доктор Мурали Туммаракуди өмнө нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-т ахлах мэргэжилтнээр ажиллаж, 35 гаруй орны газрын нөхөн сэргээлт, байгаль орчны менежментийг удирдаж байсан туршлагатай аж.

相关新闻