"Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд Өвөрмонгол ахан дүүс ч оролцох нь нээлттэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨвөрмонголын Өдрийн сонины харьяа “Солонго” мэдээллийн төвийн орлогч дарга Хишигбаяр тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт зочлов.
Тус агентлагийн Ерөнхий редактор Т.Наранмандухай төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ, “МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд байгуулагдсан Монгол Улсын хэвлэл мэдээллийн ууган байгууллага. Энэ жил үүсэн байгуулагдсаныхаа 95 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. Уг байгууллага нь Ази номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд дэлхийн 40 гаруй оронд мэдээ мэдээллээ түгээдэг” гэв. Түүнчлэн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар товч танилцуулсаны зэрэгцээ Хөх хот дахь “Солонго” мэдээллийн төв болон Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
“Солонго” мэдээллийн төвийн төлөөлөгчид энэ үеэр “Хүмүүн бичиг”, "Монгол мессенжер", “Новости Монголия”, “Мэнгу Сяаоши Бао”, “Монгорү Цушин” сонин болон “Новости Монголия” сэтгүүл, "МОНТА" студи зэрэг алба нэгжээр орж, цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжийг судлалаа. Тухайлбал, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, "Тус сонин нь улсдаа үндэсний монгол бичгээр гардаг цорын ганц тогтмол хэвлэл юм. Эдүгээ байгуулагдаад 24 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын Их Хурлаас Монгол хэлний тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр Монгол Улс 2025 оноос хос бичигтэн болох юм. Энэ хүрээнд тус сонин бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Түүнчлэн эх хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх хүрээнд жил бүр "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааныг зохион байгуулж хэвшсэн нь бүх насныхны оролцох дуртай өргөн цар хүрээтэй уралдаан болж чадсан. Манай уралдаанд монгол бичигтэн Өвөрмонгол ахан дүүс ч оролцох нь нээлттэй. Өнөө жилийн уралдааны бүтээлээ одоо хүлээн авч байна. Ирэх оны 1 дүгээр сарын эхний 7 хоногт шагнал гардуулах уламжлалт ёслол болно" хэмээв.
“Солонго” мэдээллийн төвийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орлогч дарга Хишигбаяраас гадна тус төвийн Цахим мэдээллийн хэрэгсэл хариуцсан дарга Саранчимэг, Редакцийн албаны дарга Хурц, сэтгүүлч-зураглаач Банди нар багтжээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал