Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг ААШТ-ий “В” дивизионд IV байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-21 11:05:42

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн Хятадын Шеньжень хотод болж өндөрлөлөө.


Тус тэмцээний В дивизионд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан амжилттайгаар эх орондоо ирж байна. Монголын эмэгтэйчүүд “В” дивизионы “В” хэсэгт Күүкийн Арал, Тайландын шигшээг хожиж, Иранд хожигдсон юм. Улмаар шөвгийн наймд Казахстаныг хожиж хагас шигшээд үлдсэн ч Тайванийн хүчирхэг багт дийлдэв. Ингээд хүрэл медалийн төлөө Тайланд багтай дахин таарч тоглосон ч зургаан онооны зөрүүтэй хожигдсоноор шагналт байрт шалгарав.


“В” дивизионы аваргаар Тайванийн шигшээ тодорч, 2027 онд Филиппинд зохион байгуулах ААШТ-д “А” дивизион руу дэвших эрхтэй болсон. Харин манай багийн хувьд IV байрт шалгарснаар 2027 оны ААШТ-ий В дивизионд урьдчилсан шатанд тоглохгүйгээр шууд оролцох эрхтэй боллоо.


“В” дивизионд тоглосон 96 тоглогчоос дундаж оноо авалтаар О.Хулан хоёрдугаарт, Б.Ариунцэцэг 7 дугаарт, Н.Нандинхүсэл 10 дугаарт жагсаж, шилдгүүдийн тоонд багтсан байна.




相关新闻