СЭЛЭНГЭ: Аймгийн бүх сум хатуу хучилттай авто замаар холбогдох боломж бүрдэж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 8
/МОНЦАМЭ/. Энэ онд Сэлэнгэ аймагт улсын төсвийн 323,714.0 сая
төгрөгийн хөрөнгөөр нийт 29 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн ажил
хийхээр УИХ-аар баталсан байгаа.
Сэлэнгэ аймагт энэ жил Хушаат, Орхонтуул
сумдад авто замын ажлыг эхлээд байгаа. Энэ 2 суманд барьж байгаа зам ашиглалтад
орсноор Сэлэнгэ аймгийн бүх сум хатуу хучилттай авто замаар холбогдох юм.
Энэ удаа улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хийж байгаа Цээл-Орхонтуул чиглэлийн 62.56 км хатуу хучилттай замын
ажлын явцтай аймгийн Засаг дарга танилцлаа. Тэрээр тулгамдсан асуудлыг нь
сонсож, зам засварын ажилд хүндрэл үүсгэж байгаа асуудлуудыг орон нутгийн
зүгээс газар дээр нь шийдвэрлэж өглөө.
Улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хийж байгаа энэхүү авто зам нь шинээр баригдаж байгаа Орхон
голын бетонон гүүртэй холбогдоно.
Аймгийн зүгээс Цээл-Орхонтуулаас
Баруунбүрэн чиглэлийн 18.7 км авто замын зураг төсвийг хийсэн байгаа. Хэрвээ энэ
төсөв батлагдвал Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Булган-Хөвсгөл чиглэлийн авто замын
ачааллыг бууруулах, осол гэмтлээс сэргийлэх боломж бүрэн бүрдэх юм.
Дээрх замын урсгалаар жилдээ 60 гаруй мянган тээврийн хэрэгсэл дээрх чиглэлүүдэд зорчдог байна.





