НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн дөрвөн улс Израилын төлөвлөгөөг буруушаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 11 /Anadolu/. Ням гарагт болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааны үеэр тус зөвлөлийн байнгын таван гишүүн улсын дөрөв нь Газын зурвасыг эзлэх зорилготой Израилын төлөвлөгөөг зэмлэн буруушаасан бол АНУ уг төлөвлөгөөг дэмжжээ.
Газын зурвасыг бүрэн эзэлж, палестинчуудыг хойд хэсгээс өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэх зорилготой Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн төлөвлөгөөг Израилын Онц байдлын засгийн газар баталсныг Орос,
Хятад, Их Британи, Франц улсууд
эрс эсэргүүцсэн байна.
ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский уг шийдвэрийг “олон улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл” гэж нэрлээд, “олон улсын хамтын нийгэмлэгийн уриалгыг илт үл тоомсорлож буйг харуулж байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн "Израилын Гадаад хэргийн сайд Гидеон Саар өнгөрсөн мягмар гарагт Аюулгүйн Зөвлөлийн хуралд оролцох үеэрээ Засгийн газрын шийдвэрийн талаар мэдэж байсан ч барьцаалагдсан хүмүүсийн асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлэн хоёр нүүр гаргасан" гэж буруутгасан байна.
БНХАУ-аас
НҮБ-д суугаа Байнгын
төлөөлөгч Фу Кон хэлэхдээ “Газын
зурвас бол Палестины ард түмнийх. Энэ бол Палестины нутаг дэвсгэрийн салшгүй
хэсэг” гээд аюултай алхмаа нэн даруй зогсоохыг Израилын талд уриалжээ. Тэрбээр “хүн ам зүй, нутаг дэвсгэрийн бүтцийг
өөрчлөхийг зорьж буй аливаа үйлдлийг эрс эсэргүүцэх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн хилийн боомтуудыг нээж, тусламжид тавьж буй хязгаарлалтуудыг цуцалж, олон улсын хүмүүнлэгийн
хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг Израилын талаас шаарджээ.
Их Британийн Байнгын төлөөлөгчийн орлогч Жеймс Кариук уг шийдвэрийг “буруу” хэмээн тодорхойлоод “цэргийн ажиллагааг
өргөжүүлэх нь мөргөлдөөнийг зогсооход ямар ч үр дүн авчрахгүй. Энэ нь барьцаанд байгаа хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэхгүй” гэж анхааруулсан байна. Тэрбээр цааш нь хэлэхдээ, Израилын төлөвлөгөө нь хямралыг шийдвэрлэх арга
зам биш, харин палестинчуудын
зовлон зүдгүүрийг улам
гүнзгийрүүлж, цус урсгах болно гэв.
Улмаар Газад тусламж хүргэхэд
тавьсан хязгаарлалтыг цуцлахыг тэрбээр
Израилын талд уриалжээ.
Францын Байнгын төлөөлөгчийн орлогч Жей Дармадхикари Израилд шийдвэрээ эргэн харахыг уриалж “Газын зурвасыг эзлэх, нэгтгэх, зохицуулах
аливаа төлөвлөгөөг Францын тал эрс эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэн байна. “Израилын засгийн газрын шийдвэрийг
хэрэгжүүлэх нь Израил болон тус
улсын иргэдийн аюулгүй байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж тэрбээр хэлжээ.
Харин АНУ-ын
Байнгын төлөөлөгчийн орлогчийн үүрэг гүйцэтгэгч Дороти Ши
Израилын “өөрийгөө хамгаалах
эрхийг” зөвтгөсөн байна. Тэрбээр бүс нутгийн асуудалд ХАМАС-ын хатуу байр суурийг буруутгаад тус бүлэглэл “гал
зогсоохоос татгалзаж байна” гэж
үзэж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн баасан
гарагт Израилын Онц байдлын засгийн газар Газын зурвасыг бүрэн эзэлж, палестинчуудыг
хойд хэсгээс өмнөд хэсэг рүү нүүлгэн шилжүүлэхэд Нетаньяхугийн төлөвлөгөөг
баталсан юм.