Боомтуудыг төмөр замаар холбох боломжийн талаар санал солилцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-13 09:55:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын зарим боомтыг төмөр замаар холбох боломжийн талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуаньтай өчигдөр санал солилцлоо.


Монгол Улсад Шивээхүрэн болон Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, БНХАУ-д Линхө-Сэхээ, Бугат-Мандал чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулаад байгаа. Мөн Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу барьж буй “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хоёр орны бусад хилийн боомтыг төмөр замаар холбох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай дэлгэрэнгүй ярилцжээ.



Уулзалтын үеэр талууд БНХАУ-ын Бээжин хотноо энэ сард зохион байгуулах Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл хангах хүрээнд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцсон байна.


Сайд Б.Дэлгэрсайхан ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын айлчлалд бэлдэж, Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулах, хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн тээврийн дэд бүтцийн сүлжээг байгуулж боловсронгуй болгоход хилийн бусад боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэхээр ЗТЯ хэд хэдэн санал дэвшүүлж байгааг тодотгожээ. 

相关新闻