ХНХЯ, МАХ ахмадуудын асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-10 14:17:18

Ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр ХНХЯ болон Монголын ахмадын холбоо (МАХ) хамтран ажиллах болж, өнөөдөр Санамж бичиг, гэрээнд гарын үсэг зурлаа.

УИХ-ын чуулганаар баталсан Засгийн газрын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт ахмадуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг нь хангах чиглэлээр хэд хэдэн ажил хийхээр тусгасан байна. Уг ажлыг хэрэгжүүлэх үүднээс ХНХЯ, МАХ-той хамтран ажиллах болно хэмээн Н.Номтойбаяр сайд гарын үсэг зурах үеэр онцлов.

Тэрбээр, “Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа ахмад настнуудынхаа оролцоог хангах чиглэлээр ажиллаж байгаа. Тухайлбал, МАХ 65 ба түүнээс дээш настай ахмадуудад “Насны хишиг” олгох хүсэлт ирүүлснийг 2017 оны улсын төсвийн төсөлд суулгаж, өнөөдөр баталлаа.

Маргааш буюу энэ сарын 11-нд УИХ-ын даргад “Ахмад настны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг өргөн барина. Энэ хууль ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилготой. Монголын 241.8 мянган ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан хууль юм” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд МАХ төдийлөн идэвхтэй ажиллаж чадаагүй бөгөөд ХНХЯ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар төрийн бодлогод ахмадуудын санал, санаачлагыг тусгах боломж бүрдэж байгааг тус байгууллагын Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар илэрхийлээд, “Нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед 21 аймаг, 9 дүүрэгт 2629 салбар нэгж бүхий МАХ Засгийн газартай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Хамтран ажиллах Санамж бичиг болон гэрээний хүрээнд талууд ахмад настны талаар бүхий л талын судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэх, биеийн тамираар хичээллэх боломжийг бүрдүүлэх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм. Мөн ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллах юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻