“Монгол ур чадвар 2016” тэмцээн мужааны төрлөөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-10 16:39:47

Мэргэжлийн боловсрол, сургалтын нэр хүнд, ажлын үнэлэмжийг дээшлүүлэх зортлго бүхий “Монгол ур чадвар-2016” тэмцээн өнөөдөр Мужааны төрлөөр эхэллээ.

ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Германы хамтын ажиллагааны газар хамтран дөрөв дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд 18 МСҮТ-ийн 100 орчим тамирчин оролцож байна. Тэмцээн мужаанаас гадна гагнуур, сантехник, барилгын өрөг, цахилгаанчин зэрэг таван төрлөөр явагдах бөгөөд төрөл бүрээс тодорсон ялагч 2017 онд АНЭУ-ын нийслэл Абу Дабид болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д улсаа төлөөлөн оролцоно. Уг тэмцээнд урьдчилсан байдлаар 76 орны баг тамирчид 50 мэргэжлээр өрсөлдөхөөр мэдүүлжээ.

Өнгөрсөн онд Бразилийн Сан Пауло хотод болсон Дэлхийн ур чадварын 43 дахь удаагийн тэмцээнээс  мужааны төрөлд Д.Нармандах “Үндэсний ялагч” шагнал хүртэж байсан. Мөн Токарийн мэргэжлээр хамгийн хурдан хугацаанд робот хийх тэмцээнд Х.Лхагвын баг түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.

Ч.Ариунболд

相关新闻