Үндэсний хөгжлийн газар, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗасгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар (ҮХГ) болон Дэлхийн банкны гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци хөрөнгө оруулалт, эдийн засгийн салбарт хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.
Санамж бичигт ҮХГ-ын дарга Б.Баярсайхан, Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Нгуен гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг үнэлж, нягтлах, нийгэмд үзүүлэх нөлөөллийн болон эдийн засгийн иж бүрэн үнэлгээ хийх, олон улсын туршлага арга зүйг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн эдийн засгийн тэргүүлэх салбарын зарим төслийн техник эдийн засгийн үндэслэлийг сайжруулах болон шинээр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, улсын болон салбаруудын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцийн тогтолцоо, хууль эрхзүйн орчны өнөөгийн байдлыг судалж, үнэлгээ хийх, ҮХГ-ын ажилтнуудыг чадавхжуулах юм. Эдгээр арга хэмжээг 9 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.
Ч.Ариунболд