Улсад төлж байгаа татварынхаа зарцуулалтад хяналт тавьж байх нь чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний төр, засгийн гишүүдтэй уулзуулан санал бодлоо солилцдог “Business Breakfast” уулзалтын энэ удаагийн зочноор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр оролцлоо.
Н.Номтойбаяр сайд Манай улсад ажил, хөдөлмөр эрхлэлтийн харьцаа, эрэлт нийлүүлэлтийн баланс алдагдсныг онцлон нийгэм даяар халамж хавтгайрсны улмаас тогтвортой хөгжлийн бодлого үгүйлэгдэж байгааг уулзалтын эхэнд дурдлаа. Мөн бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ юунд зарцуулагдаж байгааг хянаж, хариуцлага нэхдэг байхыг уриаллаа.
Харин бизнес эрхлэгчдиин зүгээс Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний суурь зарчмыг хэрэгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх шаардлага тулгарч байгааг хэллээ. Сайд ойрын хугацаанд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар бизнес эрхлэгч, ажил олгогчдыг хамруулсан хэлэлцүүлэг хийнэ гэдгээ хэллээ.
Энэ удаагийн уулзалтанд бизнес эрхлэгчид болон хөдөө орон нутгийн бизнесийн төлөөлөл зэрэг 150 орчим хүмүүс оролцов.