Нийслэлд 85 тонн цас хайлуулах бодис цацав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилсан сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 12-нд 85 тонн цас хайлуулах бодис цацсан талаар Хот тохижилтын газраас мэдээлэв.
Цас хайлуулах бодисыг замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдэд цацжээ. Тухайлбал, Нарангийн төвлөрсөн хогийн цэгийн өгсүүр зам, Нарны зам, Нарны гүүр, Богд уулын арын зам, Дунд гол, Толгойт, Таван шар, Хүнсний 4-р дэлгүүр, Их Тойруу зэрэг газар цацсан байна. Мөн тохижилт үйлчилгээний 355 ажилтан автозам, талбайн цасыг цэвэрлэв. Түүнчлэн 25 хүн, 11 машин явган хүний замыг цас үлээгч болон шүүрээр цэвэрлэж 120 тонн цас цэвэрлэсэн байна.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг хальтиргаа гулгаанаас үүдсэн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хурдаа зөв тохируулж явахыг ЗЦГ-аас анхааруулав.
Ч.Ариунболд