Хими, химийн технологийн судалгааны үр дүнг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Chemistry-2016” эрдэм шинжилгээний бага хурал маргааш тус хүрээлэнд болно.
Энэ удаагийн хурлыг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, профессор, академич Ж.Амгалангийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Хурлаар хими, химийн технологийн чиглэлийн судалгааны үр дүнгүүдийг танилцуулах юм. Тухайлбал, “Хөвсгөлийн фосфоритын голлох ордуудын ураны агуулга, бүтцийн судалгаа”, “Шинэ материал газрын ховор элементүүд ба эмт эрдсийн судалгаа, био-нано бүтээгдэхүүн”, “Газрын тосоор бохирдсон хөрсний бохирдлыг бууруулах судалгаа”, “Улаанбаатар хотын өнгөн хөрсөн дэх хүнд элементүүдийн тархалт, эх үүсвэр, геохимийн төлөв байдал”, “Дорнодын Хөөтийн ордын нүүрсний халуун задралын судалгаа” зэрэг судалгааны үр дүнг танилцуулна.
Хуралд манай улсын тэргүүлэх химичдээс гадна олон улсын эрдэмтэн судлаачид оролцох юм.
Ж.Болор