Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг байнгын бэлэн байдалд байлгахыг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-16 15:02:06

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, энэ өвлийн цаг агаарын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд ЦУОШГ-аас энэ жилийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэв. Улаанбаатар олон жилийн дунджаар 19 хэм хүйтэн байдаг. Харин Туул болон Тэрэлж голын сав нутгаар дунджаас 4-5 хэм хүйтэн байдаг бөгөөд сард 2-3 удаа цас ордог байна. Харин энэ жил Хойд Туйлын хүйтэн агаар Монголоор дамжин өнгөрөхтэй холбоотой энэ сарын 17-25-нд нийт нутгаар эрс хүйтрэх төлөвтэй байгаа юм. Энэхүү хүйтрэл Улаанбаатар хотноо энэ сарын 19-21-нд ирнэ. Нийслэлд энэ сарын 17-19-нд цас орох бөгөөд хотын төвөөр шөнөдөө 29, Туул болон Тэрэлж голын сав газраар 30-35 хэм хүрч хүйтрэх аж. Энэ өвөл сүүлийн 10 жилд тохиогоогүй хүйтрэх талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн нь үндэслэлгүй гэдгийг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга О.Оюунжаргал хэллээ.

Тэрбээр, “Энэхүү хүйтрэл бүхэл өвлийн турш бус зөвхөн 11 сард тохионо. Энэ үеэр авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулаан хангамжид хүндрэл учруулах магадлалтай байгаа юм. 12-2 сар хүртэл олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн байх боловч, гамшгийн хэмжээнд хүрэхгүй” гэв.

Энэ оны аравдугаар сарын 24-нөөс энэ сарын 15 хүртэл 11 удаа цас орсон байна. НИТХ-аар нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийг задалсантай холбоотойгоор анхны цасны үеэр 56 тонн цас хайлуулах бодис үр ашиггүй цацсан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэв.

Тэрбээр, “Нийслэлийн төвийн 6 дүүргийн 116 гудамж, 337.5 км замыг хот тохижилтын газрыг Хот тохижилтын газар хариуцаж, халтиргаа гулгаа үүсхээс сэргийлж байгаа. Орон сууцны хороолол дундах автозамуудыг дүүргийн тохижилтын газрууд хариуцаж байна. Хот тохижилтын газар 399 хүн, 54 автомашинтайгаар ажиллаж байгаа. Мөн дүүргүүдэд 790 гаруй зам талбайн үйлчлэгч ажиллаж байна. Түүнчлэн Хотын Ерөнхий менежрийн тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрын цасыг цэвэрлэж байгаа. Өнгөрсөн сарын 24-нд орсон анхны цас орсноос хойш нийслэл, дүүргийн хот тохижилтын газрууд 1 сая 645.8 тонн цас цэвэрлэсэн гэсэн мэдээлэл ирүүлсэн. Одоо нийслэлд 164.3 тонн цас хайлуулах бодис үлдсэн байна. Өнгөрсөн өвөл нийт 13 удаа цас ороход нийт 1000 тонн цас хайлуулах бодис хэрэглэж байсан. Тиймээс цас хайлуулах бодисын нөөцийг нэмэх хэрэгтэй” гэлээ.

Хуралдааны төгсгөлд НЗД С.Батболд өвөлжилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотод үүссэн гудамж замын цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх, түүнээс үүдэлтэй автозамын түгжрэлийг бууруулах, цаг агаарын хүйтрэлтэй холбоотойгоор цахилгаан, дулаан зэрэг инженерийн байгууламжуудын бэлтгэл ажлыг дахин шалгах, онцгой байдал үүссэн үеэд хэрхэн ажиллах талаар дадлага, сургууль зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Мөн нийслэлээс орон нутаг руу зорих авто замуудыг цасанд хаагдахаас сэргийлэх чиглэлээр онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг байнгын бэлэн байдалд байлгах, дүүргүүдийн шинээр томилогдсон Засаг дарга нар үйл ажиллагаагаа жигдрүүлж, цаг агаарын хүндрэл үүссэн үед нэгдсэн удирдлагаар хангах, дүүргийн төсвөөс цас хайлуулах бодис нөөцлөхийг үүрэгдлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻