Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргыг батламжлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-17 16:27:17

Хотын дарга С.Батболд өнөөдөр хуульд заасан  эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормаа нарыг батламжиллаа.

Өнгөрсөн сард болсон ИТХ-ын сонгуулиар байгуулсан дүүргийн ИТХ-ууд анхдугаар хуралдаанаар Засаг дарга нараа сонгож, батламжлахаар Хотын даргад хүсэлт ирүүлжээ. Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчдийн материалыг Хотын дарга болон АТГ хамтран судалж байгаа бөгөөд өнөөдөр 2 хүнийг батламжилж байгаа юм.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Бид дүүргээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, эко дүүрэг болгохын төлөө ажиллана. Иргэдээ дээдэлж, хувийн хэвшлээ дэмжинэ. Дүүргийн хувьд барилга байшин өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс газар зохион байгуулалтад түлхүү анхаарна” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Манай дүүрэг 140 гаруй мянган иргэнтэй. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд, элчин сайдын яамд байрладаг. Тиймээс дүүргийнхээ хөгжлийг хурдасгаж, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллана” хэмээв.

НЗД С.Батболд өмнө Багануур, Чингэлтэй Налайх,Сонгинохайрхан, Баянгол, Багахангай дүүргийн Засаг даргыг батламжлаад байсан юм. Ойрын хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлах аж.

Ч.Ариунболд

相关新闻