"Дэлхийн ариун цэврийн өрөө"-ний өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“World toilet organization” олон улсын байгууллагаас зарласан дэлхийн "Дэлхийн ариун цэврийн өрөөний өдөр" өнөөдөр тохиож байна.
Дэлхийн 2.4 тэрбум нь сайжруулаагүй буюу стандартын шаардлага хангаагүй ариун цаврийн өрөө хэрэглэж байгаа бөгөөд үүнээс үүдэн өдөр бүр 1000 орчим хүүхэд суулгац өвчнөөр өвддөг байна. “World toilet organization” олон улсын байгууллага 2006 онд "Дэлхийн ариун цэврийн өрөөний өдөр"-ийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэх санаачлага гаргасныг НҮБ дэмжжээ. Энэ өдрийг дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогтойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Манай улсын нийт хүн амын 65 хувь нь, нийслэлийн хүн амын 63 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 85-89 хувь нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашигладаг аж. Үүнээс үүдэн хөрс, орчны бохирдол үүсч байгаа юм. Мөн улсын цэцэрлэгийн барилгуудын ихэнх нь насжилт өндөр тул сантехникийн шугам нь ил гарсан, зэвэрч муудсан зэргээс бохир нь байнга үнэртдэг байна. Энэ болгон хүүхдийн аюулгүй сурч боловсрох нөхцөлийг бүрэн хангаж чаддаггүй аж. Тиймээс Монголын багш, эцэг эхийн холбооныхон “Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө” төсөл хэрэгжүүлж, Төв аймгийн Зуунмод сумын “Ирээдүй” цогцолбор цэцэрлэгийн бүх ангийн ариун цэврийн өрөөг стандартад нийцүүлэн засаж янзалжээ. Цаашид энэхүү төслийн хүрээг өргөтгөн ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг тохижуулахаар төлөвлөж байгаа аж.
Ч.Ариунболд