Чөлөөт уран бүтээлчдийг нийгмийн даатгалд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-22 11:47:02

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас циркийн чөлөөт уран бүтээлчдийг нийгмийн даатгалд хамруулахаар ажиллаж эхэлжээ.

Уг ажлын хүрээнд өчигдөр буюу энэ сарын 18-нд “Монголын мэргэшсэн циркчдийн холбоо” ТББ-ын харъяа чөлөөт уран бүтээлчдэд “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэг олгох сургалт” зохион байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсад Монголын мэргэшсэн циркчдийн холбоо” ТББ-ын харъяалалтай 100, АНУ-д 30, Тайваньд 10, бусад оронд 20 гаруй чөлөөт уран бүтээлч циркийн үзүүлбэр үзүүлдэг байна. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан гэмтэх, зарим тохиолдолд амиа эрсдэлд оруулдаг циркчдийн хувьд нийгмийн хамгаалал нэн чухал юм. 2008 онд Улсын цирк менежментийн хувьчлалд орсноор уран бүтээлчид нь тогтсон ажил олгогч, цалин орлогогүй болж нийгмийн даатгалын шимтгэл төлөлт нь тасалджээ. Циркчид нийгмийн даатгалд хамрагдах сонирхолтой байдаг ч орлого тогтмол бус, хууль эрх зүйн мэдлэг дутмагаас хүндрэл үүсдэг байна. Тиймээс дээрх сургалтаар Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо, ач холбогдлын талаар мэдээлэл, хуулийн зөвлөгөө өгчээ. Мөн циркчдийг нийгмийн даатгалд хамруулж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.

Ч.Ариунболд

相关新闻