Мөстсөн замын цасыг арилгаж, давс бодис цацах үүрэг өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮргэлжлэн орсон цасны улмаас халтиргаа гулгаа үүсч, зарим газруудад тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс хуралдав.
Хурлаар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, давс бодисын нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцээд хэд хэдэн үүрэг даалгавар гаргасан байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар дүүргийн 11,17, 20, 23, 28 дугаар хороо буюу Улиастай, Хонхор, Хужирбулан, Да Хүрээ, Гачуурт тосгонд замын мөстөлт, халтиргаа гулгаа их байгаа тулд яаралтай цас мөсийг арилгаж, давс бодис цацахыг үүрэг болгов.
Мөн аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх газрын цас мөсийг цэвэрлэх ажилд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болгож, гудамж талбайн цасыг яаралтай цэвэрлэх, давс, бодис цацах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох хэлтэс, албадад дүүргийн Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа даалгасан юм.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал унтраах 35, 63 дугаар ангиуд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд Замын цагдаагийн хэлтэс зургаан ээлжээр ажиллаж байгаа аж.
Н.Туяа