Урьдчилсан дүгнэлтээр техникийн спирт хэрэглэсэн байж болзошгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭМЯ-наас өнөөдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан энэ сарын 25-нд үл мэдэх шингэнд хордож дөрвөн хүн нас барсан харамсалтай хэргийн талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Зөв боломж” компанийн ажилчид махны агуулахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаас хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад 18 нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, 10 хүн энгийн тасагт эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай болсон" гэв.
Эдгээр залуус насны хувьд 20-30 насныхан бөгөөд нүд нь бүрэлзэх, нүдний салст хавагнах, ам цангах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэнэ.
Техникийн зориулалттай спирт нь хордлогын шинж тэмдэг илрэх, бөөрний ажиллагаанд хүндрэл учруулах, амьсгал зүрх судасны үйл ажиллагааг зогсоох, элэг гэмтээх, хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулах, үхэлд хүргэх зэрэг нөлөөг хүний биед үзүүлдэг аж.
Ер нь сүүлийн архины хордлого их гарч байгаа. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 520 хүн архинд хордсоны улмаас эмнэлэгт хандсан. Удахгүй шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон баяр болно. Тиймээс иргэдийг баталгаагүй хүнсний зүйл хэрэглэхээс татгалзах, архи согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг ЭМЯ-наас анхаарууллаа.
Ж.Болор