Шувууны томуу өвчний чиглэлээр төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улс Япон улсын Хоккайдогийн их сургуультай хамтран шувууны томуу өвчний чиглэлээр гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж буй халдварт өвчнөөс сэргийлэх, шуурхай илрүүлэх, тархалтыг бууруулах, эрүүлжүүлэхэд томоохон алхам болох юм байна. Мөн Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/ нь олон улсын түвшинд хүрсэн оношлогоо, шинжилгээний чадавхитай болох, цаашид бүсийн хэмжээнд лавлагаа лаборатори байдлаар үйл ажиллагаа нь өргөжих боломж нээгдэнэ хэмээн албаныхан онцолж байна.
Дээрх төслийн хүрээнд мал амьтны томуу, зарим вируст өвчнүүдийн оношлогооны чадавхийг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг төв, орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх, шувууны томуугийн эрсдэл бүхий нууруудад тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэх, лабораторийн шинжлэгч эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад сургах, мэргэшүүлэх, судалгааны ажлын үр дүнг боловсруулах, хэвлүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм байна.
Дашрамд дурдахад УМЭАЦТЛ нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй 2016 оны дөрөвдүгээр сараас хойш хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Б.Заяа