Б.Гангаамаа Өмнөд Туйлын ноён оргилд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨчигдөр СТО-ны хурлын танхимд Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Бадамгаравын Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилын хамгийн сүүлчийнхээ оргилд гарахаар хилийн чанадыг зорьж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийж танилцууллаа.
Тэрбээр Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд авиралт хийхээр бэлтгэлээ базаажээ. Б.Гангаамаа энэ сарын 13-ны өдөр Улаанбаатараас Антарктидийг зорих аялалдаа гарах юм. Уулчин бүрийн гарахыг хүсдэг дэлхийн долоон ноён оргилд гарахад тусалж ирсэн бүх ивээн тэтгэгч, хамт олон, монголчууддаа гавьяат уулчин талархаж байгаа илэрхийлж байв. Тэрбээр Винсон Массиф ууланд гарсаны дараа нэгэн түүхэн амжилтын эзэн болох юм.
Энэ ууланд авирахын тулд экспедицийн бүрэлдэхүүнд 42 мянган ам.долларыг өгч, бусад зардалтай нийлээд 48 мянган ам.долларыг олох ёстой байжээ. Энэ есдүгээр сараас олон нийтийн сүлжээгээр хандивын аяныг зарлахад ард иргэд, төр засгийн байгууллага идэвхтэй оролцж уг аян олон улсын хэмжээнд хүрч гадаадын олон байгууллагууд дэмжлэг үзүүлжээ.
Антарктид тивд одоо зун бөгөөд тивийн ноён оргил Винсон Массиф ууланд гарахын тулд уулчид 10 дугаар сараас нэгдүгээр сард очдог. Одоо тэнд +10-аас -30 хэмийн хүйтэн байгаа. Харин ууландаа -35 хэмтэй. Антарктид тивд салхи, шуурга их болдог байна. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубыг сонгож цаг уурын хамгийн таатай үед очиж байгаа аж. Гэхдээ цаг агаарын ямар ч таагүй нөхцөл таарахыг үгүйсгэх аргагүй. Уулны авиралт цаг агаараас шууд хамааралтай байдаг. Цагаан тивд өвс, ургамал байхгүй гэж болно. Уулчин Б.Гангаамаа өмнөд туйлд хөл тавьсан ес дэх Монгол хүн болох юм.
Д.Өлзий