Худалдаачид мөнгө хүүлэгчдийн асуудлыг хуулиар зохицуулж өгөхийг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ40 гаруй худалдааны төв, зах дээр 200 мянга гаруй худалдаачин худалдаа эрхэлж байна гэсэн судалгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Тэд өнөөдөр сэтгүүлчдэд хандан “Худалдаачдын холбоо” байгуулах болсноо мэдэгдлээ.
Нийт худалдаа эрхлэгчдийн 82 хувь нь зээлтэй, үүний 72 хувь нь эмэгтэйчүүд. 20 гаруй худалдааны төвийн 2000 хүнээс авсан судалгаагаар худалдаачдын 80 гаруй хувь нь банк бус санхүүгийн байгууллага, банк болон хувь хүнд зээлтэй байна.
Худалдаачдын хувьд эдийн засаг хүндэрснээр зээлээ цаг тухайд нь төлж чадахгүйд хүрчээ. Тодруулбал дээрх судалгаагаар нийт зээл авсан худалдаачдын 40 хувь нь зээлийн эргэн төлөлт хэтэрч төлж чадахгүй суугаагаа хэллээ. Худалдаачид зээлийн дарамтад орж, цаашид асуудлаа шийдэж чадахгүйд хүрсэн учир холбоо байгуулж, эрх ашгаа хамгаалахаар болжээ. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр төрийн дэмжлэг хүсч байгаагаа уламжилсан юм. Учир нь Банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөхийн тулд дахин өндөр хүүтэй зээл авахад хүрдэг аж. Мөнгө хүүлэгчдийн зээлийн нэг өдрийн хүү нь 10-30 хувь байдаг нь худалдаа эрхлэгчдэд дарамт үүсгэсэн. Тиймээс төр бизнес эрхлэгчид, худалдаа эрхчлэгчдэд бага хүүтэй зээл олгох, мөнгө хүүлэгчдийн асуудлыг хууль эрх зүйн зохицуулалтаар шийдэж өгөхийг тэд төр засгаасаа хүслээ.
Б.Заяа