Нийтийн тээвэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-15 19:24:17

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 оны нэгдүгээр улиралд багтаан нийтийн тээврийн салбартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хурлаар “Улаанбаатар Смарт карт” компанийн үйл ажиллагаатай танилцах, нийслэлийн тээврийн салбарын нөхцөл байдлын талаар санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийсэн юм. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг  “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, эрх зүйн баримт бичиг, гэрээнүүдийг судалж үзсэн байна. Ажлын хэсэг дараах дүгнэлтэд хүрчээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн шинэ систем нэвтэрснээр тээврийн хэрэгсэлд тавих бүртгэл, хяналт зохих хэмжээгээр сайжирсан, холбогдох хуулиудын хүрээнд хөнгөлөлттэй зорчсон иргэдийн нөхөн олговрыг хуваарилах болсон зэрэгт ахиц гарчээ.  Харин төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргатай болон Нийслэлийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, төсөл хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн программ хангамж гэрээнд заасан шаардлагын дагуу боловсруулж дуусаагүй, картын хэрэглээ муу, бэлэн мөнгөөр хийж буй төлөлтийн хэмжээ өндөр, хяналт сул зэрэг тулгамдсан асуудал байгааг ажлын хэсгийнхэн танилцуулсан.

Мөн үеэр нийтийн тээврийн автобусны үйлчилгээнд зөвхөн цахим картаар зорчих боломжийг судалж, танилцуулах, “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-г ирэх оны эхний улиралд багтаан шинэчлэх ажлын хэсгээс тодорхой хэд, хэдэн санал гаргалаа. Үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн карт олголт, түүнд тавих хяналтыг сайжруулах зэрэг хэд, хэдэн санал танилцууллаа.

 

相关新闻