Хэмнэлт гаргах нь алдагдалгүй ажиллахын эхлэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-18 11:55:12

Эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал Б.Амарсанаа холбогдох мэргэжилтнүүдийн хамт Дарханы ДЦС-д ажиллаж тус станцын удирдлагууд болон инженер техникийн ажилтнуудтай уулзалт хийв.

Тэрбээр хүрээлэнгийнхээ хийж байгаа ажлын талаар товч танилцуулж 2016 онд хийсэн, 2017 онд хийхээр төлөвлөж байгаа ажил, мөн эрчим хүчний тоног төхөөрөмжийн засварын норм, норматив, стандарт, эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн талаар танилцуулга хийж сонирхсон асуултуудад хариуллаа.

Б.Амарсанаа: “Танай станц яамнаас өгсөн чиглэлийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө гарган ажиллаж үр дүнд хүрч байгаад талархаж байна. Манай системийн бүх байгууллагуудад хэмнэлт гаргах боломж бүрэн байдаг. Гагцхүү түүнийг зөв төлөвлөж үр дүнд хүрэх нь чухал. Хэмнэлт гаргах нь алдагдалгүй ажилахын эхлэл” гэв.

Мөн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханы ахалсан ажлын хэсэг станцын ажилтай танилцсан бол өмнө нь өнгөрсөн сарын сүүлээр Эрчим хүчний сайд П.Ганхүү, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар болон бусад газрын дарга нарын баг тус ДДЦС ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх, удаашралтай явагдаж байгаа 35 МВт-ын турбины төслийн ажилтай газар дээр нь танилцаж инженер, техникийн ажилтнуудтай уулзаж санал сонилцсон юм. Энэ үеэр нэмэлт таван сая еврогийн хөрөнгийг хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх болсны дагуу турбины шинэчлэлд зарцуулах 3.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахаар тооцсон тухай мэдэгджээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

相关新闻