Сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдэл буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймагт сүүлийн жилүүдэд эх хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа бөгөөд энэ онд эхийн 1, нялхсын 23 эндэгдэл бүртгэгдсэн гэдгийг Төв аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эх хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан нь амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөл, төрөх тойрны эмгэг, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүддэг талаар эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Иймд эндэгдлийг буруулах зорилготойгоор сумдын удирдлага, эмч мэргэжилтнүүдийг хамруулсан “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад салбар дундын оролцоо” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулагдсан аж. Мөн эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлага, салбар дундын хамтын оролцоог нэмэгдүүлж эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх үүднээс уг зөвлөгөөнийг зохион байгуулсан гэж зохион байгуулагчид онцоллоо.
Түүнчлэн эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад, жирэмсэн эхийг эрт хяналтад ороход анхаарах, төрөх эхчүүд болон хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх, мэргэжлийн эмч нарыг бэлдэх зэрэг асуудлууд нэн тэргүүнд тулгамдаж байгаа гэдгийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Ц.Байгальмаа тодотгож байсан юм.
Манай улсын эрүүл мэндийн салбарын анхаарлын төвд байдаг гол асуудлын нэг бол нялхсын эндэгдэл юм. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн төрөлтийн нас залуужиж төрөлт нэмэгдэж байгаа судалгаа бий. Эмэгтэйчүүдийн төрөлтийг тойрсон нялхсын эндэгдлийг бууруулах зорилгоор олон ажил зохион байгуулж байгаа ч төдийлөн сайн үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Т.Есүхэйтөмөр