Цус цусан бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хадгалах боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЦССҮТ-өөс “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, шинэ технологи, шинээр үйлдвэрлэн гаргаж буй цус, цусан бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Цус сэлбэлт судлалын үндэсний шинэ төв өнгөрсөн сараас үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж эхлээд байна. Энэхүү төвд цус цуглуулах, шинэчлэх, хадгалах, тээвэрлэх иж бүрэн технологийг суурилуулснаараа давуу талтай.
Улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж хадгалах, эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах, эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх технологийг тус тус байршуулжээ. Цусан бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий -40 градусын хүйтэн өрөө, +4 градусын өрөө, -80 градусын хөргөгч, хөлдөөгчийг суурилуулснаар хадгалалтын хүчин чадал нэмэгдэж байна. Улсын хэмжээнд цусан бүтээгдэхүүний хадгалалтын хүчин чадал 5 дахин, Улаанбаатар хотод 3 дахин өсч байгаа аж.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Манай төвийн хувьд цус, цусан бүтээгдэхүүн хадгалах орон зай хязгаарлагдмал байсан. Манай шинэ төв ашиглалтад орж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхэд хадгалах бүрэн боломжтой болж байна. Зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй бусад 21 аймгийн цусны салбар төвүүдийг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр засварлалаа. Мөн аймгуудын онцлогт тохирсон иж бүрэн төхөөрөмжөөр хангасан. Өмнө нь бид зориулалтын бус ахуйн шинж чанартай хөргөгчинд бүтээгдэхүүнээ хадгалж тохиолдол нэлээд байсан. Өнөөдөр зориулалтын, цусны хадгалалтад хэрэглэхийг зөвлөсөн тоног төхөөрөмжтэй болсноор цус цусан бүтээгдэхүүнийг урт хугацаагаар хадгалах боломжтой болж байна” гэв.
Ж.Болор