Эрүүл мэндийн сэтгүүлч 1000 хүүхдийг баярлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-01 15:28:39

 “Батгэрэлт үйлс” ТББ-аас оны босгон дээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  буй 1000 хүүхдийг баярлуулжээ.  Өвлийн өвгөн, цасан охины хамт  үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн  бэлгийг  хүүхдүүдэд гардуулсан байна.  

“Батгэрэлт үйлс” ТББ-ын үүсгэн байгуулагч, Эрүүл мэндийн сэтгүүлч Б.Ундрах ярихдаа,

“Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд” 2016 аяныг амжилттай өрнүүлж 12 дугаар сарын 30,31-ны өдрүүдэд Хүүхдийн төв сувилал, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэг, СХД-ийн хүүхдийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд өвлийн өвгөн, цасан охины хамт бэлэг гардууллаа. 12 дугаар сард бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний дэгдэлт дээд цэгт хүрч, дүүргүүдийн хүүхдийн тасгууд 2-3 дахин их ачаалалтай ажилласаныг та бүхэн мэдэж байгаа. Эмнэлгийн коридорт гудас дэвсэж хүүхдүүдээ эмчлүүлж буйд эрүүл мэндийн чиглэлээр бичиж буй сэтгүүлчийн хувьд маш их сэтгэл эмзэглэсэн.  Үүнд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар “Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд” 2016 аяныг  өрнүүлсэн юм. Аянд маань үндэсний үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож  хүүхдэд амин дэмтэй  зөв аарцны ундаа, гоё чацарганы жүүс, тэжээллэг тарагаас гадна  бяцхан үрсэд хэрэгтэй үлгэрийн болон танин мэдэхүйн ном, памперс, оймс зэрэг бүтээгдэхүүнээрээ нэгдсэнд талархаж байна. Мөн Эрүүл мэндийн  “LIKE” HD телевиз, эрүүл мэндийн сэтгүүлчид  “Оюуны дархлаа” ТББ-ынхан дэмжин ажилласанд баяртай байна. Тусч сайхан сэтгэлийг нэгтгэн бяцхан хүүхдүүддээ бага ч болов баяр хөөр нэмсэндээ сэтгэл хангалуун байна” гэлээ.

Эмнэлгийн коридорт гудас дэвсэж хүүхдүүдээ эмчлүүлж буйд эрүүл мэндийн чиглэлээр бичиж буй сэтгүүлчийн хувьд маш их сэтгэл эмзэглэсэн. Үүнд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар “Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд ” 2016 аяныг өрнүүлсэн юм.

 “Эрүүл бэлэг- Эрүүл хүүхэд” 2016 аянд “Тесо” корпораци, “Юнисити”  ХХК, “Баясах интернэйшнл”  ХХК, “SNN” ХХК, “Дулаан кашмер” ХХК, МЗХ, “Мон-сүү” ХХК, “Витафит”  групп, “Happy land” тоглоомын төв, “Хөөрхөн” хүүхдийн хувцасны дэлгүүр, “Сүлд спиннинг”, “Принт хаус” ХХК болон хувь хүмүүс  нэгдсэн байна.

 Дашрамд дурдахад “Батгэрэлт үйлс” ТББ-ыг сэтгүүлч Б.Ундрах дүүгийн хамт 2014 онд үүсгэн байгуулсан бөгөөд насан өөд болсон ээжийнхээ нэрээр нэрлэж, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

 Б.Заяа

相关新闻