Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУИХ-ын чуулганаар баталсан Органик хүнсний тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.
Энэ хуулиар органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг, худалдах, импортлох, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх зэрэг харилцааг зохицуулах юм. Зах зээлд цэвэр байгалийн гаралтай гэсэн тодотголтой бүтээгдэхүүн олон нийлүүлэгддэг хэдий ч түүнд тавих хяналт сул байсаар ирсэн. Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр цэвэр байгалийн гаралтай гэсэн шошго ашиглаж буй аж ахуйн нэгжүүд хоёр жилд нэг удаа гадаад болон дотоодын итгэмжлэгдсэн байгууллагаар бүтээгдэхүүндээ баталгаажуулалт хийлгэх үүрэг хүлээж байгаа юм. Хэрэв тухайн бүтээгдэхүүний найрлагад химийн бодис орсон бол дээрх шошгыг ашиглахыг хориглоно. Баталгаажуулалт хийлгэсний дараа хаяг, шошго, сурталчилгаандаа Органик хэмээх тэмдэг, тэмдэглэгээг ашиглах эрх олгох юм.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уламжлалт, арга технологи зонхилсон манай улсын хувьд олон улсын жишгийн дагуу органик хүнс үйлдвэрлэж гадаад, дотоодын зах зээлд гаргаснаар малчид, тариаланчдын орлого нэмэгдэнэ. Түүнчлэн хэрэглэгчийг хуурамч бүтээгдэхүүн хэрэглэхээс сэргийлэх, хүнсний тэжээллэг чанар дээшилж, хүн амын эрүүл мэнд сайжрах, ногоон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Ч.Ариунболд