Цэргийн бүртгэл энэ сарын 4-нөөс эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЦэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулахаар болов.
Бүртгэлийн ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-20-ны өдөр зохион байгуулах тов гарчээ.
Түүнчлэн 2017 оныг хууль эрх зүйн шинэчлэл, иргэдийн оролцооны жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль, тогтоомжийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Нийслэлийн Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ярихдаа, “18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд дээрх бүртгэлийг хийх юм. Өнгөрсөн онд иргэдийн зүгээс санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Бүртгүүлээгүй үлдсэн хүмүүсийг торгуульгүй үлдээх чиглэл өгсөн. Цаашид санаатайгаар бүртгүүлээгүй үлдсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээг авч ажиллана” гэлээ.
Цэргийн бүртгэлийг жил бүр орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд эрхлэн явуулдаг. Хуулиар 18-50 насны Монгол Улсын иргэн цэргийн алба хаасан, хаагаагүй эрчүүдээс гадна бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалт бий.