А.Нансалмаа:Мялзангаар үхсэн бөхөнгийн эврийг огтолж авсан мэдээлэл ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-23 11:23:47

А.Нансалмаа:Мялзангаар үхсэн бөхөнгийн эврийг огтолж авсан мэдээлэл ирсэн 

Малын гоц халдварт өвчин мялзангаар зэрлэг амьтан болох бөхөн олноор үхэж байгаа талаар БОАЖ-ын газрын мэргэжилтэн А.Нансалмаатай уулзаж тодрууллаа.

-Бөхөнгийн хорогдол буурахгүй байна. Аймаг орон нутгаас ямар арга хэмжээ авч байна вэ?

-Ховд аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулан БОАЖ-ын газрын дарга Л.Батбаяр, мэргэжилтнүүдтэйгээ, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг  малын эмч нартайгаа, Мэргэжлийн хяналтын газар байцаагч нартайгаа, Онцгой байдлын дарга ажилчид албан хаагчидтайгаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дах салбарын зохицуулагч, Төрийн бус байгууллагууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй онцгой комиссын хурал хийсэн. Харьяа байгууллагууд руугаа нэн ховор амьтан болох бөхөн мялзан өвчнөөр өвчилсөн талаар яамууд руугаа хугацаа алдалгүй мэдээлж, БОАЖЯ-наас тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас мэргэжилтэн, мөн Улсын ариун цэврийн төв лабораториос эмч ирсэн. Бид хоёр хэсэг болж хуваагдан Дарви, Чандмань сумуудад ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар нийтдээ манай Ховд аймгийн хэмжээнд 560 сэг зэмийг устгаад байна. Үхсэн бөхөнгийн 80 хувь нь янзага, 15 хувь нь шаргачин, 5 хувь нь ооно байна. 3 хар сүүлтийг устгасан, гэхдээ мялзан өвчнөөр өвчилсөн эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Сэг зэмийг устгахад  Дарви, Чандмань сумын ИТХ болон засаг дарга нарын захирамжаар нийтдээ 4 устгалын цэгийг нүх ухаж стандартын дагуу сэг зэмээ устгаж байна.

-Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх магадлал бий юу?

-Ажлын хэсэгт нэг сумд арав гаруй хүн ажиллаж байгаа. Эдгээр хүмүүсийн  5 нь аймгаас 5 нь тухайн сумын байгал хамгаалагч, байгал орчны байцаагч, хөдөө аж ахуйн ажилчид байгаа бөгөөд хүн хүчээр дутагдаж байна. Зэрлэг амьтны тархац нутаг гэдэг бол өргөн уудам тал нутаг байдаг учир иргэдийг татан оролцуулах талаар баг, сумын удирдлагуудтай  ярилцаад мотоциклтэй хүмүүсийг татан оролцуулж, мотоциклоор самнах байдлаар ажиллаж байна.  Өвчтэй үхсэн малын сэг зэм нь тухайн газрынхаа хөрсийг бохирдуулснаар эргээд ямар ч амьтанд халдвар тарааж болзошгүй байна. Бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мялзан өвчнөөр өвчлөх эрсдэл маш өндөр байдаг. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол уг өвчин бусад амьтдад халдварлах магадлалтай байна.

-Ямар арга хэмжээ авах шаардлагатай байна?

-Цаашид бид 1-дүгээрт сэг зэмээ бүгдийн устгах хэрэгтэй. Учир нь бэлчээрээр бусад амьтан, малд халдах боломжтой. Сэг зэм байсан газрыг тусгай бодисоор ариутгаж байгаа. Мөн хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байна. Бөхөнгийн сэг зэм устгах далимаар бөхөнгийн эвэр авах, хуул бус ан хийхийг  үгүйсгэхгүй байна. Бид цагдаагийн газартай хяналт тавьж ажиллаж байна. Мөн сэг зэмтэй тааралдсан малчид ард иргэдийг утсаар мэдээлэхийг сум багийн засаг дарга нар уриалж байгаа. Ингэснээр мялзан өвчин тусаагүй нь тусч болзошгүй учир ард иргэд маань сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ганц бөхөн гэлтгүй бусад амьтад, амьд байгаа бөхөнгийн сүрэгт байгал хамгаалагчид маань байнгын хяналт, ажиглалт, мониторинг хийж шаардлагатай авах ёстой бүх арга хэмжээг авч байгаа.

-Сэг зэмийг устгахад шаардлагатай байгаа санхүүжилтыг хаанаас авч байна вэ?

-2017,01,04-ны онцгой комисс хуралдахад ДБХ сан өмнө нь бөхөнгийн судалгаа шинжилгээ өмнө нь хийж байсан учраас 13 сая төгрөгийн санхүүжилт гаргасан. Цаашид нөхцөл байдал хүндэрвэл санхүүжилт маш их гарах болно. БОАЖЯ засгийн газрын хуралдаанд асуудал оруулж байгаа мөн Ховд аймгийн БОАЖ-ын газрын дарга Л.Батбаяр маш яаралтай Улаанбаатар хот руу дуудагдаад байна.

-Мялзан өвчин тусаагүй байгаа бөхөнд урьдчилан сэргийлэх вакцин хийх боломжтой юу? 

-Бөхөн нь зэрлэг амьтан учраас бид барьж аваад вакцин хийх ямар ч боломж нөхцөлгүй. Байгалийнхаа шалгарлаар явагдана. Бэлчиж байгаа бөхөнгийн сүргийг дурандахад баас алдсан бөхөн харагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Дарви сумын байгал орчны байцаагч Батболдын мэдээлснээр хар сүүлтийн 3 ишиг манай нутаг үхсэн байна. Ямар өвчнөөр үхсэнийг одоогоор тогтоогоогүй байна. Мялзан өвчин нь хүйтэнд идэвхиждэг вирусын гаралтай өвчин юм. Хөдөө аж ахуйн мэргэжилтны хэлснээр дулаарахаар энэ өвчин багасна. Богино хугацаанд шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Ховд аймагт намар мялзан өвчин гараагүй хоёр сум бол Дарви, Чандмань сум юм. Тэгтэл бог малын өвчин гараагүй 2 суманд зэрлэг амьтны мялзан өвчин гарсан.

-Монгол Улсад хичнээн бөхөн амьдардаг вэ? Тоо толгойг хэлэх боломжтой юу?

-Бөхөн нь Говь-Алтай Ховд аймгийн нутгаар нийтдээ 12000-14000 тоо байгаа. үүнээс Чандмань суманд тусгай хамгаалаттай газар 800-1000 орчим байгаа. Дарви сумд 1000 орчим байгаа.

-Ховд аймгийн хэмжээнд 560 бөхөн, 3 хар сүүлт устгалд ороод байна. Энэ нөхцөл цаашид үргэлжилбэл, бөхөнгийн сүрэгт хэрхэн нөлөөлөх вэ?

-Устаж үгүй болж болзошгүй амьтныг нэн ховор амьтан гэж нэрлээд байгаа. Бөхөн бол Монголд байгаа нэн ховор амьтан. Ард иргэддээ хандаж хэлэхэд мялзан өвчин цусаар дамжиж халдварладаг учраас бөхөнгийн эвэр битгий аваачээ. Ажлын хэсгийнхний мэдээлснээр нүхэнд булах гэж байгаа бөхөнгийн эвэр огтолж аваад байгаа талаар утсаар мэдэгдсэн. Өвчтэй зэрлэг амьтны эвэр халдвартай байгаа шүү дээ. Энэ нь хүний амь насанд хүрэхийг бид үгүйсгэхгүй. Бөхөнгийн эвэр огтолж амь нас цаашлаад эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулж хэлмээр байна.

А.Бямбасүрэн

 

相关新闻