Чөлөөт бөхийн холбооны Онц их хурлыг хуралдуулахыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨнөөдөр “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны Онц их хурлыг зарлан хуралдуулахыг шаардаж буй талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулав.
Өнгөрсөн баасан гарагт /2017.01.20/ чөлөөт, сонгомол барилдаан сонирхогч, хичээллэгч, дэмжигч, багш, дасгалжуулагч, шүүгч, бөхийн мэргэжилтнүүдээс бүрдсэн 60 шахам төлөөлөгч хуралдаж 100 хувийн саналаар МЧБХ-г өөрчлөн шинэчлэх Их хурлаа хуралдуулах, бэлтгэл ажил хангах Түр хороог байгуулжээ. Уг хурлаар МЧБХ нь үндсэн үүргээ биелүүлэх эрх зүйн чадамжгүй гэж үзэн Онц Их хурлыг хуралдуулах үүргийг Түр хороонд олгосон байна.
Түр хорооны даргаар Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатар, нарийн бичгийн даргаар Л.Энхбаярыг тус тус сонгожээ.
Түр хорооноос хууль бус гэж үзэж байгаа өнөөгийн МЧБХ-ны удирдлага, албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаа юм. Уг шаардлагад, МЧБХ 2017 оны нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн албан ёсны бүх үйл ажиллагааг зогсоох, Холбооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-нд энэ ажлыг Их хурлаас албан ёсны удирдлага сонгогдтол түр хариуцах шаардлага тавьж байна. Мөн МЧБХ-ны тамга, тэмдгийг ирэх сарын 2-ны дотор МҮОХ-нд шилжүүлэх, холбооны байрыг энэ өдөр чөлөөлж, эд хөрөнгийг тус хороонд хүлээлгэж өгөхийг шаарджээ.
МЧБХ-ны сүүлийн албан ёсны ерөнхийлөгч нь 2009 оны 3 дугаар сарын 14-ний Их хурлаар 180 төлөөлөгчийн санал хураалтын дүнгээр Л.Чинбат сонгогдож 2012 оны Лондонгийн олимпийн дараа дуусгавар болсон. Үүнээс хойш холбоо албан ёсны хурлаа хийлгүй нэр бүхий хүмүүс дүрэм зөрчин, бусдын хуурамч гарын үсэг зурж, хуурамч бичиг баримт үйлдэх, тамга тэмдэг нөхөн дарж Улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл удаа дараа хийсэн гэж Онц Их хурал зарлагчид үзэж байгаа юм.
Тэд "дүү нь ахдаа, ах нь дүүдээ" албан тушаал бэлэглэн, тамга тэмдгээ солилцон, чөлөөт бөхийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа олон мянган дэмжигч, багш, тамирчдын эрх ашгийг ноцтой зөрчих нь хэрээс хэтэрлээ хэмээн уг шаардлагад дурджээ.
Шаардлагын хариуг өгөөгүй буюу эс биелүүлсэн тохиолдолд хуулийн дагуу тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид болон Түр хорооноос мэдэгдлээ.
Д.Өлзий