Төрийн хүнд суртлыг арилгахад иргэд хяналт тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНИТХ-ын дарга Ц. Сандуй Нутгийн удирдлагын холбооны салбар зөвлөлийн тэргүүлэгч буюу дүүргийн ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Нутгийн удирдлагын холбооны чиглэлээр байгуулсан тус санамж бичигт нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн хамтарч ажиллах, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг тусгасан юм. Ингэснээр төрийн хүнд суртлыг арилгаж, үүнд иргэд хяналт тавьж хариуцлага тооцдог систем рүү шилжинэ хэмээн албаныхан тодотгож байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудын хүрээнд нийслэл, дүүрэг, хорооны өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
“Бид өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэн ярилцлаа. Санамж бичиг байгуулснаар Нутгийн удирдлагын байгууллага хамтран ажиллах, шат шатандаа иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ гэдгийг тодорхой болгож байна. 2017 оныг нийслэл “Хариуцлагын жил” болгон зарласан. Иргэдийн дуу хоолой төрийн удирдлагад төдийлөн хангалтгүй хүрч байна. Тиймээс иргэний танхимаар дамжуулан иргэдийг мэдээллээр хангана. Санамж бичгийн биелэлтэд иргэд дүн тавих бөгөөд хангалтгүй ажилласан Нутгийн удирдлагын холбооны салбар зөвлөлд хариуцлага тооцно” хэмээн Нийслэлийн НИТХ-ын дарга Ц. Сандуй онцлов.
Р.Хишигжаргал