22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлүүдийг зарлаж, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг ирэх сарын 2-нд зохион байгуулах болсон талаар холбогдох албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа нар оролцов.
Нийслэлийн засаг даргын тамгын газар 22 агентлагийнхаа ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд нам эвслээс үл хамаарч төрд ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.Өдөрлөг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт өглөөний 09.00-17.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Одоогоор Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй аж. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дээрх өдөрлөгөөр танилцуулах юм байна.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ярихдаа, “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага гарч буй юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэв.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарласан нарийн мэргэжлийн жагсаалтыг хүргэж байна.
Хотын хөгжлийн инженерчлэл:
-Авто замын барилгын инженер
-Давхар зам, гүүрийн инженер
-Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
-Барилгын инженер
-Хот төлөвлөлтийн эдийн засагч
-Хотын нийтийн тээврийн инженер
-Эко хороолол, орон сууцны инженер
-Үерийн далан, сувгийн инженер
-Мэдээллийн технологийн инженер
Олон нийтийн бодлого боловсруулалт:
-Хотын менежментийн менежер
-Үл хөдлөх хөрөнгийн менежмент
-Инновацийн удирдлага
-Гэрээ, эрхийн мэргэжилтэн
-Төслийн удирдлага
-Хотын социологич
-Хотын патентчин
-Event management /Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах/
-Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого бололвсруулалт:
-Сэргээгдэх эрчим хүчний инженер
-Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
-Дендерлогич
-Ногоон байгууламжийн төлөвлөгч
-Цэвэрлэх байгууламжийн технологич, инженер
-Байгаль орчны эрсдэлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент:
-Хотын санхүүч
-Хотын эдийн засагч
-Олон улсын мэргэшсэн аудитор.